“Талын монгол борц”-ыг худалдаанд гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-27 16:23:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Үхрийн махыг уламжлалт аргаар хатааж, нүдэж савласан “Талын монгол борц”-ыг худалдаанд гаргаж эхэлсэн байна. Одоогоор тус бүтээгдэхүүнийг өрхийн хэмжээнд үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид жижиг дунд үйлдвэр болгон хөгжүүлж, бүс, улсын хэмжээнд түгээхээр төлөвлөжээ.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-өөс санхүүжилт авсан. Хүнсэнд хэрэглэхэд бэлэн болгосон борцыг худалдаанд гаргаад долоо хонож байна. Энэ хугацаанд иргэдийн хандлага маш сайн байгаа. Энэ ажилд зориулж өнгөрсөн өвөл дөрвөн үхрийн махаар борцоо бэлтгэсэн. Одоо тал нь бараг зарагдаад байна. Бүтээгдэхүүнээ аймгийн төвд хоёр цэгээр дамжуулан худалдаалж байгаагаас гадна хүргэлтийн үйлчилгээтэй. Энэ нь бас иргэдийн таашаалд их нийцэж байгаа гэж өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Б.Өлзийтогтох хэллээ.

Талын монгол борц нь 200, 300, 500 граммын савлагаатай бөгөөд нэг колиграмм нь 46 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь зах зээлийн үнээс есөн мянган төгрөгөөр хямд байгаа юм. Улаанбаатар хотод нэг килограмм борц 55 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. 

Холбоотой мэдээ