УТБЗ ачаа тээврийн орлогоо 80 тэрбум төгрөгөөр нэмэх боломжтой

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-05-02 15:09:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төмөр зам жилд 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Харин УБТЗ ХНН өнгөрсөн онд 28.2 сая тонн ачаа тээвэрлэж, хүчин чадлаа 3.2 сая тонноор давуулжжээ. Цаашдаа төмөр замын тээврийн эрэлт улам бүр өсөх хандлагатай байгаа юм.


УБТЗ ХНН-ээс 2019 оны сүүлээр аж ахуйн нэгжүүдээс энэ жилийн ачаа тээврийн захиалга авсан байна. Энэ үед аж ахуйн нэгжүүд 40 сая тонн орчим ачаа тээврийн захиалга өгсөн ч төмөр замын нөхцөл байдлаас шалтгаалан 100 хувь биелүүлэх боломжгүй байгаа аж.



Ачаа тээврийг нэмэхэд төмөр замын суурь бүтэц муудсан, ачаа тээврийн болон зүтгүүрийн дийлэнх нь ашиглалтын хугацаа дууссан зэрэг бэрхшээл тулгардаг байна.


УБТЗ ХНН-ийн 137 зүтгүүртэй бөгөөд үүнээс 23 нь мэргэжлийн хэллэгээр “хүйтэн нөөц” буюу ашиглах боломжгүй болжээ. Мөн нийт зүтгүүрийн 45.2 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан бөгөөд 61 зүтгүүр нь 35-аас дээш жилийн "насжилттай" болсон байна. Түүнчлэн ачаа тээврийн 3338 вагоны 46.6 хувийнх нь ашиглах хугацаа хэтэрчээ.

Зөвхөн хямд тарифын улмаас зорчигч тээврийн салбараасаа жил бүр орчим 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг энэхүү байгууллага зүтгүүр, вогоноо шинэчлэхэд санхүүгийн том бэрхшээлтэй нүүр тулдаг байна. Иймээс дээрх асуудлыг шийдвэрлэж, төмөр замаар тээвэрлэхийн тулд тарифыг чөлөөлөх хүсэлтээ хэдэн жилийн өмнөөс холбогдох дээд шатны байгууллагуудад хүргүүлсэн ч шийдэгдээгүй өнөөг хүрчээ. Хэрэв дээрх асуудлуудаа бүрэн шийдвэрлэж, тээврийн захиалгаа 100 хувь биелүүлдэг бол жилд 80 тэрбум төгрөгийн орлого илүү олох боломжтой гэдгийг албаныхан онцолж байв.


Үүний зэрэгцээ бас нэг тулгамддаг асуудал нь ачаа тээврийн зориулалтын хөдлөх бүрэлдэхүүн. Жишээлбэл, дэлхий нийт автомашин ачих зориулалтын вагонд 5-6 автомашин ачдаг байна. Харин манай улсад энэ төрлийн вагон байхгүй тул чингэлгээр тээвэрлэхэд хүрдэг бөгөөд ингэхэд шинэ автомашин нэг чингэлэгт ердөө хоёрыг ачих боломжтой. Харин хуучин автомашиныг 4-5-ыг давхарлаж ачих боломжтой ч доргилтын улмаас эвдрэл үүсэх гэмтэй байдаг байна. Мөн хүн амын хүнсний хэрэгцээг хангахын тулд өндөг, жимс жимсгэнээс эхлээд түргэн муудах бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын вагон мөн л байхгүй. Тиймээс өмнөх жилүүдэд ОХУ-аас ачаа тээврийн 16 вагон түрээслэн тээврээ гүйцэтгэж иржээ. Шинээр ачаа тээврийн зориулалтын зүтгүүр, вагон, чингэлэг авах зардал хэт өндөр тул эхний ээлжинд өнөөгийн нөхцөл байдлаа сайжруулах хэрэгтэй гэдгийг УБТЗ ХНН-ын Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал Д.Амарбаясгалан хэлсэн юм.



УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвөөс өнгөрсөн сард хятадын JSQ тусгай зориулалтын хөдлөх бүрэлдэхүүнээр БНХАУ-ын Тянжин боомт-Улаанбаатарын ачаа тээврийн туршилт хийжээ. Тодруулбал, бусад улсаас БНХАУ-аар дамжин ирж байгаа ачааг Тянжинаас тус тусгай зориулалтын галт тэргэнд ачин Эрээнд авчирж, тэргэнцэр буюу дугуйгаа солиод Улаанбаатар хотод ирэхэд ердөө тав хоног зарцуулдаг байна. БНХАУ-ын 1435 мм-ийн нарийн царигтай бол Монгол Улсын 1520 мм байдаг тул ийнхүү тэргэнцрээ сольжээ. Өмнө нь энэ чиглэлийн тээврийн хугацаа 14 хоног байжээ. Дараагийн Тянжин-Улаанбаатарын тээврийг ирэх сарын 11-13-нд хүлээн авахаар төлөвлөсөн байна.



Ташрамд дурдахад, Монгол Улсын зам тээврийн салбар ноднин 68.9 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь 2018 онынхоос 1.7 хувиар өссөн үзүүлэлт. Үүнээс автотээврээр 40.8 сая тонн, төмөр замаар 28.2 сая тонн, агаараар 5.7 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ