Хятадын ложистикийн салбарын хөгжлийн индекс өнгөрсөн сард 53.6 хувьтай байв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-06 17:46:09

Бээжин /МОНЦАМЭ/. Өнөөдөр болсон Хятадын ложистик, худалдан авалтын нэгдсэн хурлын үеэр өнгөрсөн 4-р сарын ложистикийн салбарын хөгжлийн индексийн талаар мэдээлэв.

Коронавирусний тархалтыг дотооддоо үр дүнтэй хязгаарлаж буйтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сэргээж, хэвийн байдалд оруулах үйл явц хурдсаж, зах зээлийн хэрэгцээ тасралтгүйгээр нэмэгдэж байгаа нь өнгөрсөн сарын ложистикийн хөгжлийн индекс сэргэх гол хүчин зүйл болсон байна.

Хятадын төв телевизийн мэдээлснээр, 4-р сард Хятад улсын ложистикийн хөгжлийн индекс 53.6 хувьд хүрч, өмнөх сараас 2.1 хувиар нэмэгджээ. Салбараар нь авч үзвэл үйлчилгээний үнийн индексээс бусад бүхий л салбарын индекс сэргэж, тогтвортой байдалд орох төлөвтэй байна.

Хятадын ложистикийн мэдээллийн төвийн захирал Хө Хуй хэлэхдээ “Төрлөөр нь ангилж авч үзэхэд, үйлдвэрлэл сэргэх явц хурдацтай явагдаж байгаатай холбоотойгоор ган, өнгөт металл, барилгын материал, машин тоног төхөөрөмж зэрэг томоохон оврын барааны болон ард иргэдийн хэрэглээ, амьжиргаатай холбоотой гэр ахуйн цахилгаан бараа зэргийн ложистикийн үйл ажиллагаа огцом сэргэж байна” гэжээ.

Мөн цахим худалдан авалт сэргэсэн нь ложистик, шуудангийн салбарыг сэргээхэд чухал нөлөө үзүүлсэн байна.

    

Холбоотой мэдээ