"Урт цагаан” төвийг шинэчлэх зураг төслөөр иргэдээс санал авч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-13 10:15:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үйлчилгээний "Урт цагаан" төвийн шинэ барилгын зураг төслийн уралдаанд 28 баг бүтээлээ ирүүлээд байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ирүүлсэн бүтээлүүдийн талаар мэргэжлийнхнээс гадна иргэд олон нийтээс санал авч эхэллээ. Тодруулбал, ирүүлсэн бүтээлүүдийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын цахим  http://uda.ub.gov.mn/?p=8150  хуудсаар дамжуулан энэ сарын 12-17-ныг дуустал иргэд олон нийтийн саналыг авч байна. Олон нийтээс хамгийн их санал авсан бүтээлээр үйлчилгээний барилгыг сэргээн засварлах аж. 

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс хамгийн их санал авсан 3 бүтээлийг шалгаруулна. Ажлын хэсгээс дахин санал хураалгаж иргэдийн саналыг авсан бүтээлээр урт цагааны барилгыг шинэчилнэ. Ингэхдээ үйлчилгээний төвийн ажлыг байрыг сэргээх, иргэдээ буцаан байршуулах, авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, мөн ногоон байгууламж цэцэрлэгт болгох, эцэст нь жуулчдын гудамж болгох юм” гэв.


Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 30 сая төгрөгийн шагналын сантайгаар, иргэд олон нийтийн дунд 4 дүгээр сарын 20-ноос энэ сарын 11-нийг хүртэлх хугацаанд зарласан юм. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн ТББ болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлээд байгаа юм.



Холбоотой мэдээ