70 жилийн түүхтэй Сүхбаатар өртөө 10 аж ахуйн нэгж, салбартайгаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-13 15:04:46

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Тэртээ 1949 оны 11-р сард Наушка-Улаанбаатар чиглэлд анхны галт тэрэг аялж эхэлснээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөний түүхийн шинэ хуудас нээгджээ.

70 жилийн түүхтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөө нь өнөөдөр Зүтгүүрийн депо, Техник үйлчилгээний газар, Замын 1-р хэсэг, Холбооны байшин, Шугамын хэсэг, Цэрэгжүүлсэн хамгаалах салаа, “Бүжинхэн” цэцэрлэг, Орон сууцны хэсэг, Олон улсын тээвэр зуучийн төвийн салбар зэрэг 10 аж ахуйн нэгж, салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүхбаатар өртөө нь олон улсын болон орон нутгийн ачаа, зорчигч тээвэрт нээлттэй, хилийн хэсгийн ангигүй өртөө гэдгээрээ онцлогтой юм. Тус өртөө нь Хойд, Дулаан зөрлөг, Ерөө өртөөний ажлыг хариуцан ажилладаг. Үүнээс гадна Сүхбаатар өртөө нь хагас автомат хориглолоор тоноглогдсон, галт тэрэг хүлээн авах, явуулах 12 замтай гэнэ. Мөн салаа болон тусгай зориулалтын хэрэгцээний 20 зам, галт тэрэгний тормоз урьдчилан турших хийн сүлжээ, компрессор, вагон салгалтгүй засварлах гагнуурын 1600 метр шугамтай ажээ. Түүнчлэн тус өртөө нь 20 тоннын даацтай кран, 30 тоннын цахилгаан өргөгчүүд, 12 замын бүрэн автомат хамгаалалттай электрон вагон пүүгээр тоноглогдсон байдаг байна. Мөн хоногт дунджаар 10 хос галт тэрэг солилцооны 1100 гаруй вагон урсгалд нэвтрүүлэх хүчин чадалтай том айл юм.

УБТЗ-ын хэмжээнд 80 гаруй өртөө зөрлөг бүхий газар байдаг бөгөөд анх 1938 онд Улаанбаатар-Налайхын хооронд нарийн төмөр зам тавигдаж, уурын галт тэрэг явж эхэлснээр Төмөр замын түүхийн хуудас эхэлсэн түүхтэй ажээ.

 

Холбоотой мэдээ