Э.Сарантогос: Монгол-Энэтхэгийн эдийн засгийн харилцааны бэлгэ тэмдэг болсон мега төсөл хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-26 14:49:12
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай оюун санааны хөрш гэгддэг БНЭУ-ын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй Монголын Газрын тос боловсруулах үйлдвэр 2023 оны 4 дүгээр сард бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Энэ төслийн явцын талаар ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогосоос тодрууллаа. 


-БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр барих болсон түүхээс хуваалцахгүй юу? 


-Энэ онд Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 65 жилийн хугацаанд Монгол, Энэтхэгийн харилцаа тууштай хөгжиж, бид оюун санааны хөршүүд гэдгээ байнга нотолсоор ирсэн. Гэхдээ хоёр орны харилцаа улс төр, нийгэм, шашин, соёл, боловсрол гээд хүмүүнлэгийн салбарт түлхүү хөгжиж ирсэн түүхтэй. Харин сүүлийн жилүүдэд бидний хамтын ажиллагаа эдийн засгийн талбарт ч идэвхтэй өрнөх боллоо.  


Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад Энэтхэгийн Ерөнхий сайдын хувиар түүхэндээ анх удаа айлчилсан нь хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, харилцааны цар хүрээг тэлэхэд томоохон түлхэц болсон. Энэ үеэр талууд Монгол, Энэтхэгийн харилцааг худалдаа, эдийн засгийн салбарт чанарын шинэ түвшинд гаргаж хөгжүүлэхээр тохиролцож, Энэтхэгийн тал манай улсад 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн нь үнэхээр том ач холбогдолтой үйл явдал болсон. 


Энэтхэг Улс эдүгээ эрчимтэй хөгжиж, дэлхийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг роль нь өсөн нэмэгдэж, гадаад улс орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагаа нь өргөжсөөр байна. Энэ хүрээнд хөгжиж буй улс орнуудад зээл, тусламж олгох явдал ч нэмэгдсэн. Энэтхэг Улсын энэхүү бодлого, дэмжлэгт Монгол Улс тэргүүн эгнээнд хамрагдаж, эдүгээ Монгол, Энэтхэгийн эдийн засгийн харилцааны бэлгэ тэмдэг болсон мега төслөө хэрэгжүүлж байна. Ерөнхий сайд Н.Моди анх 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Харин төсөл хэрэгжүүлэх санхүүгийн нарийн тооцооллыг гаргахад 1.236 тэрбум  ам.доллар шаардлагатай болсон. Нэмэлт санхүүжилт болох 236 сая ам.долларыг мөн Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авах хэлбэрээр 2019 онд шийдвэрлэсэн. Энэ нь манай гуравдагч хөрш, Стратегийн түнш Энэтхэг Улс хоёр талын харилцаанд ямар өндөр ач холбогдол өгч байгааг нотлон харуулж байгаа тод жишээ юм. 


/Газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан зураглал/


-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц ямар байна вэ? 


-Үйлдвэрийг тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтайгаар барьж байгуулахаар төлөвлөж байна. 2017 оны оны 4 дүгээр сард төслийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК байгуулагдан ажиллаж байна. Төслийн гүйцэтгэгчээр газрын тос, байгалийн хий, нефть-химийн техник технологийн чиглэлээр дэлхийн олон улс оронд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай Энэтхэгийн “Engineers India Limited” компани шалгаран ажиллаж байна.


Одоогийн байдлаар үйлдвэрийн барилга, суурь дэд бүтцийн ажил явагдаж байна. Төслийн ТЭЗҮ ёсоор ирэх жилээс туршилтын үйлдвэрлэл эхэлж, 2023-2024 онд тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан цар тахал улс орнуудын эдийн засгийн хөгжил, нэн ялангуяа мега төслүүдийн гүйцэтгэлд нөлөөлөх хандлагатай байгааг мөн урьдчилан тооцох шаардлагатай. 


-Энэхүү төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг тоо баримтаар илэрхийлбэл? 


-Манай улс нефтийн төрлийн бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авахаа больж дотоодынхоо хэрэгцээг хангадаг болно. Ингэснээр гадагшаа урсах валют 25-30 хувиар буурна гэсэн тооцоо байдаг. Мөн мэргэжилтнүүдийн тооцоолсноор манай улсын ДНБ 10 гаруй хувиар өсөх төлөв гарсан.


Шинэ техник, технологи, ноу-хау нэвтэрч, нефть-химийн аж үйлдвэрийн суурь тавигдах, ажлын байр бий болох, энэ чиглэлийн боловсон хүчинтэй болох гээд олон ахиц дэвшил гарна. Ташрамд дурдахад, Энэтхэгийн Засгийн газар ITEC хөтөлбөрийнхөө хүрээнд манай инженерүүдийг бэлтгэж өгөхөөр тохироод байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэл бэхжиж, манай гадаад эдийн засгийн харилцааны тулгуур нэмэгдэнэ.  



Холбоотой мэдээ