ОХУ-ын хил даваад ирсэн хоёр морьтой иргэнийг тусгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-31 11:49:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Давст сумын хоёр морьтой иргэн шинэ коронавирусний халдварын голомттой ОХУ-ын хил давж, буцаж ирэхдээ баригдан тус аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагджээ. 


ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэхдээ, "Одоогоор дээрх хоёр иргэнээс коронавирусний шинж тэмдэг илрээгүй. Олон хүний хөдөлмөрийг үгүй хийж болохуйц үйлдэл хийж тахлын өндөр эрсдэлтэй газар зорчсон. Тиймээс ОХУ-тай хиллэдэг аймгийн иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна" хэмээн ярилаа. 


Тухайн хоёр иргэнийг Монголын долоон офицер, эмнэлгийн ажилтан саатуулж, тусгаарлах ажлыг гүйцэтгэжээ. 


ОХУ-д 24 цагийн дотор 8952 хүн шинэ коронавирусний халдвар авсан байна. Манай улсын олон аймагтай хил залгаа Буриад, Тува, Эрхүү, Чита мужид өвчлөл 27-168-аар нэмэгдсэн аж. Тухайлбал, Эрхүү хотод халдварын 168 тохиолдол шинээр нэмэгдсэн буюу өмнөх өдрийнхөөс 108-аар ихэсжээ. 

Холбоотой мэдээ