Б.Найдалаа: Бидэнд алдах эрх байхгүй, ирээдүйг түүчээлэх ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй "Зөв хүн электорат" эвслийн сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлт өнөөдөр боллоо.
Тус эвсэлд Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс нам нэгдсэн бөгөөд нэр дэвшигчид нь өнөөдөр 12.00 цагт СЕХ-нд үнэмлэхээ гардаж авна.
Сонгуулийн сурталчилгааг нээж "Зөв хүн электорат" эвслийн тэргүүн, ХҮН-ын дарга Б.Найдалаа хэлэхдээ, "Бидний өмнө алдах эрхгүй ирээдүй бий. Бидний ард өвөг дээдэс маань алдаа, оноотойгоо явж ирсэн. Харин бид ирээдүйг түүчээлэх ёстой. Эх орон маань өнөөдөр хулгайтай, худалтай. Улс нь ч, иргэн нь ч өрөнд орсон, ажилгүй, орлогогүй, цалингүй байна. Орчин цагийн монгол хүн сэтгэл дундуур байна. Монгол Улсыг ийм байгаасай гэж үе үеийн эх орончид, цусаа урсгаагүй, ар гэр нь нулимсаа бараагүй юм. Гэхдээ бид өнөөдөр зовлон тоочиж, өнөөдрийн асуудлыг тойрч суумааргүй байна. "Зөв хүн электорат" эвсэл хэн нэгний хулгайг дэнслэх гэж байгуулагдаагүй. Бид ирээдүйг бий болгож шинэ Монголыг бүтээх, өвөг дээдсээс ирсэн захиасыг биелүүлэхийн тулд энд сууж байгаа" хэмээв.
Тус эвслийн ТУЗ-ийн дарга Т.Доржханд, "Өөрийн амьдрал, хувийн ажлаа хойш нь тавьж, үр хүүхэд, дүү нартаа тэгш боломж, гэрэлт ирээдүйг хүлээлгэн өгөхөөр сэтгэл шулуудсан журмын нөхөддөө талархал илэрхийлье. Дэлхийн түүхэнд 20-30 жилийн хугацаанд төр эргэдэг. Харин манай улсад 1990 оноос хойш төр өөрчлөгдсөнгүй. Хоёр нам ээлжлэн төр барьсан 30 жилийн хугацаанд ямар улс болж хувирсныг дүгнэе. 1990 онтой харьцуулбал Монгол Улсын эдийн засаг 13 дахин томорсон. Харин улсын төсвийн зардал 70 дахин, хөрөнгө оруулалтын зардал 50 дахин томорсон байна. Татварын орлого ДНБ-тэй харьцуулсан хэмжээгээр, 15 хувь байсан бол өнөөдөр 30 хувьд хүрчээ. Татвар төлөгчдийн дарамт тасралтгүй нэмэгдсээр бид үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон болж хувирсан байна. Гадаад өрийн хэмжээ 55 дахин нэмэгджээ. Бид 30 жилийн хугацаанд 30 тэрбум ам.долларын өртэй үндэстэн болсон байна. Энэ нь бидний хийж бүтээж байгаа эдийн засгаас 2.3 дахин том. Энэ бол бидний үр хүүхэд төлчихнө гэсэн хандлагатай дарга нарын үр дүн. Бид ирэх дөрвөн жилд дөрвөн удаагийн бонд, Хятадын ардын банкны 2.3 тэрбум ам.долларын своп хэлцлийн өр, Засгийн газрын баталгаатай 1 тэрбум ам.долларын өр зэрэг 5.7 тэрбум ам.долларын өрийг төлөх гэж байна. Төлж чадахгүй улс орон дампуурлаа зарлаж эхэлсэн. Өрөвдөлтэй эдийн засагтай улс болжээ. Банкны зээлийн хүү 30 жилийн хугацаанд 50 дахин нэмэгдсэн байна. Ажилтай орлоготой байсан Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу болжээ. Олон улсын түвшинд манай улс авлигаараа 30 жилийн өмнө 43 дугаар байрт байсан бол өнөөдөр 106 дугаарт шидэгджээ. Авлигадаа идэгдсэн, буурай хөгжилтэй, Африкын орнуудын дунд жагсаж байна.
Өр зээлээ хэрхэн төлөхөө мэдэхгүй хүмүүс гурван сая төгрөг, үнэгүй байр амласан хэвээрээ байна. Ийм улстөрчдөөс улс орноо цэвэрлэх цаг иржээ. Хүндээ биш цементэд хөрөнгө оруулсан 30 жилийг үдэх цаг иржээ. Хотын төв, сумын төвд ч ялгаагүй чадварлаг багшаар үр хүүхэддээ хичээл заалгах боломжийг олгоцгооё. Ажилтай, орлоготой, авсан цалиндаа сэтгэл хангалуун байдаг монгол хүнийг бий болгоё. Зөвхөн өөрийн улс гэлтгүй, өмнөд хөрш, цаашлаад дэлхийн 7.5 тэрбум хүний зах зээлд залуусаа ажиллах боломжийг нээж өгмөөр байна. Хүндээ ээлтэй ногоон хотыг хамтдаа бүтээцгээе. Дэлхийн боловсрол эзэмшиж туршлага хуримтлуулсан журмын нөхөддөө амжилт хүсье" хэмээв.
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу өнөөдөр эхэлж энэ сарын 22-ны 23.59 цагт өндөрлөх юм. Ингээд санал авах ажил энэ сарны 24-нд улс орон даяар өрнөнө.