Сэтгүүлчидтэй холбоотой 430 гаруй хэргийг судалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-16 12:09:17

ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-д өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр сэтгүүлчидтэй холбоотой үүссэн 430 гаруй хэргийг хүний эрхийг хамгаалагчид судалж байгаа тухай “U.S. Press Freedom Tracker” байгууллага “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  


Сэтгүүлчдийг баривчилсан 59 хэрэг, тэдэн рүү халдсан 92 хэрэг, нулимс асгаруулагч хий ашигласан 54, нунтаг чинжүү шүршигч ашигласан 32, резинэн сумтай буу ашигласан 90, редакцийн байгууламж, тоног төхөөрөмж гэмтэл учруулсан 57 тохиолдлоос гадна бусад 46 хэргийг шалгаж байгаа тухай “U.S. Press Freedom Tracker” ашгийн бус байгууллагын мэдэгдэлд дурджээ.


Африк гаралтай америк эр Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсаны дараа АНУ-д эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал дэгдэж эхэлсэн юм. Цагдаа нар Флойдын гарыг гавласныхаа дараа хүзүүн дээр нь өвдөглөж буй дүрс бичлэг интернэтэд тавигдсан байна. Флойд амьсгалж чадахгүй байгаагаа хэд хэдэн удаа хэлсэн боловч цагдаа нар тоогоогүй байна. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Цагдаа нарын нэгийг хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгасан бол үлдсэн гурвыг нь энэ хэрэгт оролцсон хэмээн буруутгажээ. 

Холбоотой мэдээ