Мянган айлын орон сууцны хорооллыг цогцоор нь шийднэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-05 20:52:03

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын баруун захад мянган айлын орон сууцны хороолол барих ажил удахгүй эхэлнэ. Аймгийн төвөөс баруун тийш таван км-т 48 га талбайд энэхүү орон сууцны хорооллыг барихаар төлөвлөжээ. Оршин суугчдад шаардлагатай бүх төрлийн нийгэм соёлын хэрэгцээг бүрэн шийдэж, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвийг ч барьж босгох юм.  

Тухайлбал, мянган айлын орон сууцны төлөвлөлт хийсэн гуравдугаар багт 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 640 хүүхдийн багтаамжтай Ерөнхий боловсролын сургуулийг ирэх оны есдүгээр сард ашиглалтад оруулна. Одоогоор улсын төсвийн 5,7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гуравдугаар багт дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээний ажлыг бүрэн хийж дуусгажээ.

Энэхүү мянган айлын орон сууц барьж босгох төлөвлөгөөг Дорнод аймаг хэтийн төлөвлөгөөндөө оруулж, 2015 онд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Францын хөрөнгө оруулалттай “АрхитайФ” ХХК-аар гүйцэтгүүлж байв. 

Холбоотой мэдээ