БНХАУ АНУ-ын байгууллага, иргэдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-14 10:51:31

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ Шинжаан-Уйгарын өөртөө засах оронтой холбоотой асуудлуудын талаар зохисгүй үйлдэл гаргасан АНУ-ын байгууллага, дөрвөн иргэний эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдлээ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдээлжээ.


Хуа Чуньины мэдээлснээр, АНУ-ын Конгрессын БНХАУ-ын асуудал хариуцсан тусгай зөвлөл болон сенатч Марко Рубио, Тед Круз, Конгрессын гишүүн Крис Смит, Олон улсын шашны эрх чөлөөний асуудал хариуцсан газрын төлөөлөгч Сэм Браунбэк нарын эсрэг хориг арга хэмжээ авах ажээ.


“АНУ дээр дурдсан шийдвэрийг гаргаснаар БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, олон улсын харилцааны үндсэн зарчмуудыг ноцтой зөрчиж, БНХАУ-АНУ-ын харилцаанд сэв суулгасан” гэж Хуа Чуньин хэлээд, БНХАУ ийм үйлдлийг эрс эсэргүүцэж, зэмлэн буруушаадаг гэж нэмж хэлсэн байна.


“Шинжааны асуудал нь Хятадын дотоод хэрэг бөгөөд АНУ-д хөндлөнгөөс оролцох ямар ч эрх байхгүй. Хятадын Засгийн газар улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалж, терроризм, салан тусгаарлах, шашны хэт даврагч үзэлтэй тэмцэх бөгөөд Шинжааны асуудал болон БНХАУ-ын бусад дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэх болно” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


“Бид буруу шийдвэрээ нэн даруй залруулж, БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үг, үйлдэл гаргахгүй байхыг АНУ-д уриалж байна” гэж Хуа Чиньин хэлээд, БНХАУ одоо болж буй үйл явдлуудтай холбогдуулан нэмэлт шийдвэрүүдийг гаргах болно гэж мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ