Гадаадад байгаа иргэддээ туслахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-07-23 19:17:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван гадаадад байгаа нөхцөл байдал нь хүндэрсэн иргэддээ боломжит дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд  бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахыг хилийн чанад дахь нийт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт үүрэг болголоо.


Иргэддээ хандсан мэдээлэл, зөвлөмжийг олон нийтийн сүлжээ, ДТГ-ын цахим хуудсаар шуурхай түгээх, эргэх холбоотой ажиллах, иргэдийн төлөөллийг эрүүл ахуйн горимыг мөрдөн ДТГ-т хүлээн авч уулзах, санал гомдлыг нь сонсож, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, бодит байдлыг тайлбарлан таниулах зэрэг боломжит бүхий л арга хэмжээ авахыг сайд онцлов.


Мөн “Зарим ЭСЯ-ны хаалга үүд хаалттай байна, орж чадахгүй байна” гэсэн гомдол, мэдээлэл ирж байгаатай холбогдуулан иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх чиглэлээр ДТГ-ууд 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэдээс цахим хуудас, цахим шуудан, шуурхай болон албаны утсаар хандсан даруйд хариу өгч хэвших, холбогдох бүртгэл хөтөлж, ГХЯ-нд өдөр бүр илтгэж байхыг сайд Н.Энхтайван анхаарууллаа.


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ