А.Нямдэлгэр: Зөрчлийн дийлэнх хувь нь архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй холбоотой

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-03 18:21:05

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 400 гаруй аж ахуйн нэгж бий. Эдгээр худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шинэчлэн баталлаа. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад А.Нямдэлгэрээс тодрууллаа.

-Сүүлийн үед Ховд аймаг дахь Цагдаагийн газарт бүртгэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэмэгдсэн. Үүний гол шалтгаан юу вэ?

-Энэ оны эхний долоон сарын байдлаар Цагдаагийн газарт 266 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 1.1 хувь буурсан үзүүлэлт юм. Харин одоогоор 11739 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 15.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ийнхүү зөрчил үйлдэгдэж буй гол шалтгаан нь ахуйн хүрээний архидалт, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй холбоотой.

Түүнчлэн энэ хугацаанд 934 иргэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31 нэгжээр өссөн үзүүлэлт бөгөөд архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах зайлшгүй шаардлагатай гэдгийг харуулж байна.

-Тэгвэл энэ онд Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааны хэрэглээг багасгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ажил хийж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас  тусгай хуваарийн  дагуу эргүүл ажиллуулах замаар тогтмол хяналт тавин ажиллаж байна. Мөн архи согтууруулах ундааны зохисгүй  хэрэглээтэй  тэмцэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагын цахим хаягаар дамжуулан хоёр сар орчим хугацаанд цахим санал асуулгын үйл ажиллагаа зохион байгуулсан юм.

Улмаар “Архидалттай тэмцэх” хөтөлбөр хэрэгжүүлэх, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон өдрийн тоог нэмэх талаар санал асуулгад оролцогчдын 87.6 хувь буюу 9310 иргэн дэмжсэн санал өгсөн.

Үүнтэй холбогдуулан  Ховд аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 400 гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шинэчлэн баталлаа. Тодруулбал,  Ховд аймгийн Засаг даргын 2020 оны А/322 дугаар захирамж гарсан. Үүнд сар бүрийн 01, 15-ны өдөр болон  долоо хоног бүр баасан гарагт тус аймгийн  нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон юмЭнэхүү шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулснаар захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн 3647 дугаарт бүртгүүлж, орон нутагт  мөрдөж  эхэллээ.

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн иргэд, үйлчилгээний газруудад тус захирамж, шийдвэрийн талаар танилцуулах, сурталчлах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Ийнхүү сар бүрийн 01, 15-ны өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх тухай захирамжид өөрчлөлт оруулж, долоо хоног бүрийн баасан гарагийг нэмсэн. Ингээд Ховд аймгийн хэмжээнд сард зургаан өдөр архи согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй байх хууль эрх зүйн хэм хэмжээ тогтож байгаа юм. 

Иргэд олон нийтийн зүгээс энэхүү шийдвэрийг дэмжиж, холбогдох хууль дүрмийг чанд баримтлан архи согтууруулах ундааг зохистой хэрэглэж хэвшихийг Цагдаагийн байгууллагаас уриалж байна. Амар тайван Ховдын төлөө хамтдаа зүтгэцгээе.   

Холбоотой мэдээ