ХӨСҮТ-д эмчлүүлж буй 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-08 12:16:39
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь вирус судлалын салбар лабораторид өчигдөр 595 сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсныг өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.


Дээрх шинжилгээнд 7 сарын 30-нд Сидней-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 264 хүн, 7 сарын 12, 14, 25-нд Афганистанаас ирсэн 181 цэргийн давтан шинжилгээ, тусгаарлалтад буй 18 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байрны 8 ажилтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолооч, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд явуулын лабораторийн шинжилгээнд хамрагдсан 85 хүн, төмөр замын 13 ажилтны шинжилгээ багтжээ. 


Өнөөдрийн байдлаар манай улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 293, үүнээс 260 нь эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д 33 хүн эмчлүүлж байгаагаас 31 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн дотор 14 настай нэг хүүхэд байгаа. Нийт ХӨСҮТ-д 56 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Мөн халдвартын клиникийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа нэг хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн өвчтөн элэгний хатуурал, бөөрний дутагдалд орсон, хавсарсан уушгины хатгаатай бөгөөд 3 удаа коронавирусний шинжилгээ хийхэд халдвар илрээгүй" хэмээв.



Өчигдөр улсын хэмжээнд 359 хүн шинээр тусгаарлагдаж, 56 хүн тусгаарлалтаас гарчээ. Нийт тусгаарлалтад буй 3046 хүнд 32 их эмч, 86 резидент эмч, 45 эмнэлгийн ажилтан тусламж үйлчилгээ үзүүлж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тэмдэглэв.

Г.Бямбалхагва

Холбоотой мэдээ