Хилийн чанадад байгаа иргэдэд туслах санд 300 сая төгрөг төвлөрүүлжээ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-24 15:55:57
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр тус яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. 


Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш манай улс гадаадын 52 улсаас 18 392 иргэнээ эх оронд нь авчирсан. Зөвхөн энэ сард Австрали, АНУ, Казахстан болон бусад чиглэлд 17 тусгай нислэг үйлдэж 4000 гаруй иргэнээ татах юм. 


Өнөөдрийн байдлаар 53 улсаас 12461 иргэн нутаг буцах хүсэлт гаргасны дотор монголчуудын хамгийн олноор оршин суудаг АНУ-аас 2400 гаруй, БНСУ-аас 4500 гаруй, Австралиас 1100 орчим иргэн хүсэлт ирүүлжээ.


ГХЯ санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд туслах гарц гаргалгааны талаар өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж буй. Тухайлбал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тусламжтайгаар Прагаас 185 хүний зардлыг бүрэн дааж, Бразил, Туркэд хүнд нөхцөлд орсон иргэдэд хүнсний болон бусад тусламж үзүүлжээ. Мөн өнгөрсөн 6 сард Туркэд байгаа 200 гаруй өрх буюу мянга орчим иргэнд “Иргэдэд туслах” сангаас хүнс болон санхүүгийн туслалцаа үзүүлсэн байна. 


ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: “УОК-т төвлөрсөн хандив тусламжаас "COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай" нэг удаагийн хуульд заасан заалтыг үндэслэн 300 сая төгрөгийг хилийн чанадад байгаа иргэдэд туслах санд төвлөрүүлсэн. Үүнтэй холбоотой шийдвэр саяхан гарсан бөгөөд санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд дэмжлэг үзүүлэх шалгуурыг нарийн тогтооно” гэв. 


Түүнчлэн тэрбээр гадаадад суралцдаг оюутнууд буцах хүсэлт гаргаж байгааг онцлов. Энэ хүрээнд БНХАУ-д суралцдаг оюутнуудын асуудал хөндөгдөж байгаа бөгөөд тус улс гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй хэвээр байгаагаас гадна их, дээд сургуулиуд нь танхимын сургалтаа хэзээ эхлүүлэх нь тодорхой биш байгааг тэмдэглэв. 


Г.Бямбалхагва
Холбоотой мэдээ