Багануур, Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай, хэвийн үргэлжилж байна.
Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн техник тоног төхөөрөмжийн 60-70 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн бөгөөд үүнийг шат дараатай шийдвэрлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК арга хэмжээ авч, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны санхүүжилтээр техникийн шинэчлэл хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар 20 ширхэг техник худалдан авах гэрээ байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд ингэснээр уурхайн үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй үргэлжлэх боломж бүрдэх юм.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар өр авлагыг богино хугацаанд барагдуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудаас Багануурын уурхай 5.8 тэрбум төгрөг, Шивээ-Овоогийн уурхай 3.4 тэрбум төгрөгийн авлагатай байгаа аж.