Гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд “Нэг цонх”-ны зохицуулалтыг чухалчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах нь” сэдэвт сургалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд өнөөдөр боллоо.
Тус сургалтын үеэр нийт яам, агентлагт зориулсан гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангаж, “нэг цонх”-ны үйлчилгээг хэрэгжүүлэх, гадаад харилцаанд оролцогч байгууллага болон албан тушаалтны хоорондын холбоо харилцааг уялдуулан зохицуулах талаар хөндөж ярилцжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал “Нэг цонх”-ны зарчим Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд
чухал үүрэгтэй. Төрийн хариуцлагатай алба хашиж буй албан тушаалтнууд хоорондоо
мэдээлэл солилцох хэрэгтэйг” онцлов.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн “Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл монгол хүн”, “Импортлогчоос экспортлогч улс” болох зорилтыг дэвшүүлсэн. Ингэснээр ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарч байна. Гадаад бодлогод гарах аливаа алдаа завхрал нь дотоодод үүссэн асуудлаас илүү хор хохиролтой. Иймд төрийн албаны удирдах албан тушаалтнууд хариуцлагатай ажиллах”-ыг санууллаа.
Энэхүү сургалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн
газрын Хэрэг эрхлэх газар, яамдын дэд
сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, яамдын харьяа агентлагуудын
удирдлага, гадаад харилцаа хариуцсан нэгжийн дарга, Удирдлагын академийн
удирдлага зэрэг нийт 100 орчим хүн хамрагдсан байна.