Түвшинширээ сумын соёлын төв ашиглалтад ороход бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-09-04 14:17:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Түвшинширээ суманд 240 хүний суудалтай соёлын төвийн барилгын ажил дуусч, улсын комисс хүлээн авчээ. Улсын төсвийн нэг тэрбум 488 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн уг бүтээн байгуулалтыг Улаанбаатар хотын "Хөх хайрхан трейд" ХХК 2019 оны 07 дугаар сард эхлүүлж, товлосон хугацаандаа дуусгажээ.

Орон нутгийн иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлэх уг барилгыг стандартын дагуу барьсан бөгөөд саруулхан үзвэрийн танхимаас гадна сургалтын заал, ажилчдын өрөө, ариун цэврийн өрөө гээд шаардлагатай бүхий л өрөө тасалгаануудыг шийдэж өгсөн байна.


Өнгөрсөн онд тус аймгийн хэд хэдэн суманд шинэ соёлын төвийн барилгыг эхлүүлсэн. Халзан, Мөнххаан сумын соёлын төвүүд ашиглалтад ороод байсан бол ийнхүү Түвшинширээ сумынх удахгүй ашиглалтад ороход бэлэн болжээ.

Энэ үеэр улсын комиссын ажлын хэсэг тус сумын ерөнхий боловсролын сургуулийн их засварын ажилтай танилцаж, мөн хүлээн авсан байна. 

Холбоотой мэдээ