Номынхоо ашгийн 10 хувийг ЭХЭМҮТ-д хандивлана

Монголын мэдээ | Боловсрол
ulzii@montsame.mn
2020-09-25 14:42:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэтгүүлч Гантөмөрийн Уянга, сэтгүүлч нийтлэлч Авиан Баатархуяг нарын “Цаг нь болохоор”, “Нэрээ гологсод”, “Бие сэтгэлийн билгийн рашаан” 2 боть, “Цогт чандманийн эрэлд” хэмээх 5 номын нээлтийн баяр “Интер ном”-ын дэлгүүрт боллоо.


УИХ-ын гишүүн асан Г.Уянга төрсөн өдөр нь өнөөдөр тохиож байгаа бөгөөд номын нээлтэд хүрэлцэн ирсэн хүмүүсийг төрсөн өдрийнхөө бялуугаар дайлсан юм. “Интер ном” дэлгүүрээр үйлчлүүлж, ном худалдан авсан хүмүүст гарын үсэг зурж өгч байлаа.



Тэд энэ таван номоос олсон орлогынхоо 10 хувийг нийгмийн сайн сайхан зүйлд зарцуулах бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн 90 жилийн ойд зориулан хэрэгцээт эм тариа, тоног төхөөрөмж авахад нь тус төвд хандивлах юм байна.


Энэ үеэр Г.Уянга: “Цаг нь болохоор”, “Нэрээ гологсод” хэмээх хос ном маань Монголын улс төрийн сүүлийн 20 жилд болсон үйл явдлыг харуулсан. Нийгэм улс төрийн бүхий л онцгой үйл явдлуудын талаар бичсэн өгүүлэл, нийтлэлүүдээ түүвэрлэн уг номд оруулсан. “Бие сэтгэлийн билгийн рашаан” хэмээх 2 боть ном нь хүний биеийг анагаахад хамгийн чухал зүйл нь сэтгэл засал хэмээн үзэж, хүний биеийг 100 хувь хэмээн үзэх юм бол 1 хүрэхгүй хувь нь махан бие, харин 99 хувь нь хүмүүсийн сэтгэл санаа байдгийг онцолсон юм” гэлээ.



Нийтлэлч А.Баатархуягийн “Цогт чандманийн эрэлд” номын хувьд тэрээр аялсан газруудынхаа сайн сайхан зүйлсийг аян замын тэмдэглэл хэлбэрээр бичжээ.   

Холбоотой мэдээ