Трамп үр хөндөлтийг эсэргүүцэгч Эми Барреттийг Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлэв

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-27 11:17:54

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд Эми Кони Барреттыг нэр дэвшүүллээ. Өдгөө 48 настай Баррет 2017 онд Нил Горсач, 2018 онд Бретт Каваногийн дараа Трампын томилсон гурав дахь шүүгч болох юм.


Эми Кони Барретт гэж хэн бэ?

Барретт католиг шашин шүтдэг бөгөөд 2013 оны зүйл заалтын дагуу амьдрал үр тогтохоос эхэлдэг гэдэгт бүрэн итгэдэг нэгэн юм. Тэрбээр долоон хүүхэдтэй.


Түүнийг нэр дэвшүүлэхийг шашны консерватив үзэлтнүүд дэмжсэн бөгөөд улс орон даяар үр хөндөхийг зөвшөөрсөн 1973 оны Дээд шүүхийн шийдвэрийг цуцална гэж найдаж байна.


Харин Баррет түүний итгэл үнэмшил, үзэл бодол ажилд нь ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэдгийг удаа дараа мэдэгдэж байжээ. Тэрбээр 2016 онд мөн 1973 оны шийдвэр цуцлагдахгүй гэж бодож байгаагаа мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, зөвхөн жирэмсний хожуу үеийн үр хөндөлт, эмнэлгүүдийн ажилд тавьсан хязгаарлалтыг л өөрчилж магадгүй. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд сэтгэгдэл өгсөн хуучин шүүгч нөхөд нь ч Барреттын үзэл бодол түүний ажлын чанарт нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байгаа аж.


Баррет “Магтаалын хүмүүс” хэмээх консерватив христийн шашны бүлэгтэй холбоотой байсан тухай Америкийн хэвлэлүүдэд хүчтэй яригдаж байжээ. Энэ бүлэгтэй холбоотой сургуулийн сүлжээнүүдэд зөвхөн эсрэг хүйсийнхээ хүнд татагддаг гэрлэсэн  хүмүүс л бэлгийн харьцаанд орох боломжтой гэсэн зарчим байдаг гэж ЛГБТ идэвхтнүүд мэдэгддэг байна. Хүний эрхийн “Human Rights Campaign” хөдөлгөөн Барретыг Дээд шүүхийн шүүгчээр томилохыг идэвхтэй эсэргүүцэж, түүнийг "ЛГБТ хүмүүсийн эрхэнд ихээхэн аюул учруулна” гэж мэдэгджээ.


Эми Барретт нь карьераа Дээд шүүхийн гишүүн агсан Антонин Скалиягийн ажлын албанаас эхэлснээрээ алдартай. Бүгд найрамдах намынханд ойр энэхүү Дээд шүүхийн шүүгч 2016 онд нас барсан бөгөөд хэдийгээр ертөнцийг үзэх үзэл нь зөрчилддөг байсан ч Рут Гинзбургтэй найз байжээ.


АНУ-ын Дээд шүүх гэж юу вэ?

Энэ бол Үндсэн хуулийн цэцийн чиг үүргийг хослуулсан шүүхийн дээд шатны байгууллага юм. Есөн шүүгчтэй бөгөөд бүгдийг нь АНУ-ын Ерөнхийлөгч насан туршид нь томилдог байна. Тэдний наймыг нь Бүгд Найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч томилж байсан бол хоёрыг нь Трамп томилжээ.


Шүүх давж заалдах шатны шүүх байж болох бөгөөд мөн шийдвэрийг нь давж заалдах эрхгүй байна. Үүний зэрэгцээ, муж улсуудын аль нэг нь нөгөөгийнхөө эсрэг нэхэмжлэл гаргах, эсвэл хэлэлцэх сэдэв нь төрийн дээд албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой гэх зэрэг тохиолдолд анхан шатны шүүхээр ажиллаж болдог байна.


АНУ-ын Ардчилсан нам шүүхийн сул орон тоог нэн даруй нөхөх төлөвлөгөөнөөсөө татгалзаж, 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хүнд энэ эрхийг өгөхийг Трампаас шаардаж байгаа юм.


АНУ-ын Дээд шүүхийн суудал тус улсын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны томилж байсан шүүгч Рут Гинзбург есдүгээр сарын 18-нд 87 насандаа хорт хавдраар нас барсны улмаас сул болсон байна. Тэрбээр АНУ-ын түүхэнд Дээд шүүхийн шүүгч болсон хоёр дахь эмэгтэй бөгөөд энэ албан тушаалыг 27 гаруй жил хашжээ.


Холбоотой мэдээ