Армен, Азербайжан харилцан бие биенээ буруутгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-27 13:48:49

БАКУ/ЕРЕВАН. /TASS/. Азербайжаны Зэвсэгт хүчин Уулын Карабахын чиглэлд давшилт хийлээ гэж Армены Ерөнхий сайд Никол Пашинян ням гаргийн өглөө “Facebook” хуудсандаа мэдэгджээ.


“Дайснууд Арцах руу (хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс) давшиж эхэлсэн. Манай батлан хамгаалах арми амжилттай няцааж байна” гэж Пашинян онцлон тэмдэглэсэн байна.


Армены Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шушан Степаняны мэдээлснээр бол Карабах дахь байлдааны үеэр Азербайжаны Зэвсэгт хүчний хоёр нисдэг тэрэг, нисэгчгүй гурван нисдэг аппаратыг устгажээ.  “Энэ нөхцөл байдлын бүх хариуцлагыг Азербайжаны цэрэг-улс төрийн удирдлагууд хүлээнэ” гэж Степанян нэмж дурдсан байна.


Харин Азербайжаны Батлан хамгаалах яамнаас мэдээлэхдээ, “есдүгээр сарын 27-ны өглөөний 06:00 цаг орчимд Армены Зэвсэгт хүчин томоохон өдөөн хатгалга явуулж, фронтын бүх шугамын дагуух Азербайжаны армийн байрлалууд болон фронтын урт талын бүсэд байрлах манай суурингууд руу том калибрын зэвсгээр, мина харвуул болон янз бүрийн калибрын их буугаар хүчтэй гал нээсэн” гэжээ. Тус яамны мэдээлснээр, энгийн иргэдийн дунд амиа алдсан, шархадсан хүмүүс байгаа аж. 


1988 онд Уулын Карабахын өөртөө засах муж Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч буйгаа мэдэгдсэний дараа Карабахын мөргөлдөөн эхэлжээ. 1992-1994 онд болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр Азербайжан Уулын Карабах болон түүнтэй зах нийлсэн долоон нутагт хяналтаа алдсан юм. Карабахын мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах хэлэлцээг ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн хүрээнд 1992 оноос хойш явуулж буй юм. Тус бүлгийг ОХУ, АНУ, Франц улс хамтран даргалдаг байна. 



Холбоотой мэдээ