“Багануур” ХК, ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-09-28 17:54:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багануур ХК, ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичигт ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Т.Намнан, Багануур ХК-ийн Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал нар өнөөдөр гарын үсэг зурсан юм.

 

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан судалгаа хөгжүүлэлт, шинжлэх ухаан- үйлдвэрлэл бизнесийн түншлэлийн таатай орчин бүрдүүлэх, ШУТИС 2020-2021 оны хичээлийн жилийг дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан уг санамж бичгийг байгуулжээ.

 

Санамж бичгийн хүрээнд хамтарсан болон захиалгат эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил гүйцэтгэх, “Багануур ХК-д шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн дамжлага, үйл ажиллагааны зардлыг бууруулан, үр ашгийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан бодлого шийдвэр гаргахад Багануур ХК-д дэмжлэг үзүүлэх, Багануур ХК-ийн хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт хийх, туршилт судалгааны ажилд татан оролцуулах, мэргэжлийн салбарын оюутнуудыг харилцан тохиролцсон хөтөлбөр, удирдамжийн дагуу дадлага хийлгэх, Багануур ХК-ийн ажилтнуудын хүүхдээс сайн суралцаж буй үнэлгээний голч өндөртэй хүүхдийг тэтгэлэгт хамруулах гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллах юм.

 

Багануур” ХК-ийн инженер техникийн ажилтнуудын 70 гаруй хувь нь ШУТИС төгссөн байдаг байна. Тиймээс эртнээс хамтын ажиллагаатай байсан хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам бэхжиж байгааг талууд онцолсон юм.



Холбоотой мэдээ