Уулын Карабахт гал зогсоохыг уриалжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-30 09:51:36

МОСКВА. /Kommersant/. Байлдааны ажиллагаагаа даруй зогсоохыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Армени, Азербайжанд уриалжээ. Энэ тухай Аюулгүйн Зөвлөлийн төлөөлөгч бөгөөд НҮБ-ын дэргэдэх Нигерийн байнгын төлөөлөгч Абду Абарри хаалттай зөвлөлдөх уулзалтын дүнд мэдэгдсэн байна.


“Байлдааны ажиллагаагаа даруй зогсоож, хурцадмал байдлыг намжааж, яриа хэлэлцээндээ нэн даруй эргэн орох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн уриалгыг Аюулгүйн Зөвлөлийн гишүүд дэмжив. Түүнчлэн хэл амаа ололцоход нь туслахын тулд сөргөлдөгч талуудын яриа хэлэлцээнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл оролцоход бэлэн байна” гэж Абарри мэдэгдэв.


Мөргөлдөөнөө зогсоож, яриа хэлэлцээндээ эргэн орохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш өмнө нь уриалахын сацуу хүч хэрэглэж, цэргийн албан хаагчдын амийг хөнөөж байгааг зэмлэн буруушаажээ.


Армийнх нь байрлалууд руу Армени гал нээсэн тухай Азербайжаны эрх баригчид есдүгээр сарын 27-нд мэдэгдсэн юм. Харин Арменийн эрх баригчдын мэдэгдсэнээр бол Азербайжаны Зэвсэгт хүчин түрүүлж довтолж, суурингууд руу нь гал нээжээ. Хоёр тал хоёул хүний амь үрэгдсэн, шархадсан тухай, түүний дотор энгийн иргэд ч байгаа гэж мэдээлж байна. Арменийн эрх баригчид дайны байдал тогтоож, 55 хүртэлх насны эрчүүдийг цэрэгт дайчлахаа мэдэгдсэн юм. Харин Азербайжаны эрх баригчид нутаг дэвсгэр даяараа дайны байдал тогтоожээ.

Холбоотой мэдээ