Стратегийн ашигт малтмалын импортоос АНУ-ын хараат байдлыг бууруулах зарлиг гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп стратегийн ач холбогдолтой ашигт малтмал, тэр дундаа газрын ховор элементүүдийн импортоос тус улсын хараат байдлыг бууруулахад чиглэсэн зарлигт гарын үсэг зурав гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
“Амин чухал ашигт малтмалын нийлүүлэлтэд манай улс гадны өрсөлдөгчдөөс хэт хараат байдал үүсэх аюулыг арилгахын тулд би онцгой байдал зарлах тухай зарлигт гарын үсэг зурлаа. XXI зуунд эдийн засаг, цэргийн хүч чадлаа бэхжүүлэхэд улам бүр хэрэгцээтэй байгаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын импортод хүчирхэг Америк улс гадаадын өрсөлдөгчдөөсөө хамааралтай байж болохгүй” гэж АНУ-ын Конгрессын гишүүдэд хүргүүлсэн Трампын захидалд дурдсан байна.
Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсанаар, дээрх зарлиг нь “АНУ-ын уул уурхайн салбарыг хөгжүүлэх, энэ салбарт ажлын байрыг дэмжих” мөн чухал ашигт малтмалыг импортлох асуудалд Хятадаас хараат байдлыг багасгахад чиглэжээ.
Газрын ховор металлуудын олборлолтоор одоо БНХАУ дэлхийд үнэмлэхүй тэргүүлж байгаа бөгөөд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 70 орчим хувийг эзэлдэг байна. 2019 онд тус улс 130 мянган тонн газрын ховор металл олборлосон нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 71 орчим хувийг эзэлжээ. БНХАУ-д гадны компаниудад газрын ховор металл олборлохыг хориглодог бөгөөд дотоодын ердөө зургаан компани л засгийн газрын зохих лицензийг эзэмшдэг байна.