Хятадын үр тарианы ургацын хэмжээ тогтвортой байх төлөвтэй байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-10-05 14:37:00

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадад энэ жилийн зуны үр тарианы ургац арвин байж, ургац хураалтын хэмжээ хангалттай түвшинд байсан. Тэгвэл намрын ургац хураалтын хэмжээ одоогоор төлөвлөгөөт хэмжээнд хүрч чадаж байгаа буюу энэ онд 650 сая тн үр тариа хураан авч, зургаа дахь жилдээ тогтвортой үр дүнтэй гарах төлөвтэй байгаа талаар тус улсын Хөдөө аж ахуйн, хөдөө тосгоны яамнаас мэдээлэв.

            Өнгөрсөн жилийн хувьд Хятад улс 651 сая тн гаруй үр тариа хураан авсан нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд нэг хүнд оногдох хэмжээ нь 470 кг-д хүрсэн нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт болсон.

            Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар жилдээ нэг хүнд оногдох үр тарианы хэмжээ 400 кг-аас дээш байх нь хүнсний аюулгүй байдлын баталгааг хангана хэмээн үздэг аж.

            Тус яамны холбогдох мэргэжилтний хэлж буйгаар цаашид тариалалт хийх талбайн хэмжээг 1.7 тэрбум мү-гээс багагүй /талбайн хэмжих нэгж/ байлгах шаардлагатай байгаа юм. Мөн эко хүнсний бүтээгдэхүүний тариалалт, хангалтыг нэмэгдүүлэх нь нэн чухал болохыг онцолжээ.

            Хятад улсын хувьд тариалангийн талбайг хамгаалах хамгийн хатуу чанга тогтолцоог хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ