Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-12 17:07:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн Хойд Азийн хэлтсээс “Эдийн засгийн коридорын менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалт Гадаад Харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвтэй хамтран энэ сарын 6-8-нд зохион байгуулав.


Тус сургалтыг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын /UNRC/ Суурин зохицуулагч Мишра Тапан нар болон  НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн Хойд Азийн хэлтсийн захирал Б.Ганболд нар нээж үг хэлэв.



Сургалтад ГХЯ-ны холбогдох газрын төлөөлөл, яамдууд болон төрийн өмчит компаниудын 60 гаруй төлөөлөгч оролцож, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлаар олон улсын судлаач, эрдэмтэдтэй санал солилцов.


Тухайлбал, “Тээврийн коридор” сэдвийн хүрээнд “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр нь Азийн авто замын сүлжээ, “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” Монгол Улс, ОХУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гурван улсын хооронд гүйцэтгэж буй тээвэрлэлтийн өнөөгийн байдлыг хэлэлцсэн. Мөн ачаа тээврийг нэмэгдүүлэх зорилгоор хил, гаалийн хяналтыг хэрхэн түргэн шуурхай болгох, COVID-19 цар тахлын улмаас гарч байгаа хүндрэл, түүнийг бусад улс хэрхэн шийдвэрлэж байгаа туршлагын талаарх мэдээллийг оролцогчдод  өгсөн.  Түүнчлэн “Хуурай боомтын тухай Засгийн газар” хоорондын хэлэлцээрийн хүрээнд байгуулах хуурай боомтын техникийн шаардлага, ажлыг хэрхэн үр ашигтай явуулах, НҮБ-ийн худалдаа тээврийн байршлын код болох ЛОКОД (LOCODE)-ыг хэрхэн бүрдүүлэх зэргийг танилцуулснаас гадна бүс нутагт амжилттай хэрэгжиж буй хуурай боомтын туршлагын талаар олон улсын байгууллагын багш, сургагч нар мэдээлэв.



Сургалтаар бүс нутгийн хамтын ажиллагаанд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын гүйцэтгэх үүрэг, түүнийг өргөжүүлэхэд Монгол Улсын эрх бүхий байгууллагаас цаашид авах арга хэмжээ, анхаарах асуудлаар сургалтад оролцогчид олон улсын судлаачдаас гадна өөр хоорондоо мөн санал солилцож, туршлага хуваалцав.


НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулсан энэ удаагийн сургалт нь анх удаа цахим орчинд болж байгаагаар онцлогтой юм.

Холбоотой мэдээ