Халамжаас татгалзаж, үйлдвэрлэлд анхаарснаар эдийн засаг тогтвортой өснө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-19 14:55:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас “Эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдаж буй сорилт ба шийдэл” сэдвээр сэтгүүлчдийг сургалтад хамруулав.

Монгол Улс 3,2 сая хүн амтай, 1,3 сая нь ажил эрхэлдэг, 70,9 сая толгой малтай, 169 мянган малчин өрхтэй. Экспортынхоо 93 хувьд уул уурхайн бүтээгдэхүүн, ноос ноолуурыг БНХАУ руу гаргадаг. Импортын 41,6 хувь буюу өргөн хэрэглээний бараагаа БНХАУ-аас, 35,1 хувь буюу нефть, цахилгаанаа ОХУ-аас авдаг. ДНБ өнгөрсөн онд 36,8 их наяд төгрөгт хүрсний 24 хувийг уул уурхай, 16 хувийг худалдаа, 11 хувийг хөдөө аж ахуй, 11 хувийг боловсруулах үйлдвэр эзэлдэг.  

“Энэ баримтаас харахад Монгол Улс экспортын хувьд нэг улсаас хараат байдгаа багасгаж, эдийн засгаа солонгоруулах нь чухал. ДНБ-ий 60 хувийг мал аж ахуй, уул уурхай, худалдаа эзэлж байгаа нь бид мал гаргаж, газар ухаж, бусдын бараа бүтээгдэхүүнийг зарж амьдардаг гэсэн үг. Иймд боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэх, иргэдийн оюун мэдлэг, ухамсрыг дээшлүүлэх шаардлагатай”-г Монголбанкны эдийн засагч Д.Баттуул ярив.  

Монгол Улс энэ оны 8 дугаар сарын байдлаар 937 сая ам.долларын тоног төхөөрөмж, 527 сая ам.долларын бензин, 410 сая ам.долларын барилгын материал импортолсон бол экспортоор уул уурхайн салбарт 4,171 сая ам.доллар, ноос ноолуураар 155 сая ам.долларын орлого олов. Мөн 4,8 их наяд төгрөгийн ипотекийн зээлд 99306 иргэн хамруулжээ. Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 5 хувиар өсч, 21,5 их наяд төгрөгт хүрсэн. Нийт хадгаламжийн хэмжээ 16 их наяд төгрөг байгаагийн 85,4 хувь нь иргэдийнх аж.

“Хөгжингүй орны жишгээс харахад бид баялгаас олсон ашгаа бэлэн мөнгөөр тараах бус бүтээн байгуулалт, үйлдвэр барихад анхаарч, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, ажлын байр бий болгох нь чухал. Ядаж ирээдүйн өв санд хадгалах ёстой. Монгол Улс энэ онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 700 тэрбум төгрөг тараасан. Бэлэн мөнгө тарааснаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, инфляци дагаад өсдөг сөрөг үр дагавартай тул бүгдээрээ эдийн засгийн мэдлэгээ ахиулж, халамжид “үгүй” гэж хэлж сурахын зөв жишгийг эдийн засагч Д.Баттуул Норвегийн жишээгээр тайлбарлав. Сургалтын үеэр макро, микро эдийн засаг, ДНБ, эдийн засгийн өсөлт, инфляци, мөнгөний нийлүүлэлт, зээл, ханш, төсөв, мөнгөний бодлогын тухай, тэдгээрийн үүргийн талаар товч мэдээлэл өгсөн юм.    

АНУ, БНХАУ, Япон, Герман, Франц улс хүчирхэг эдийн засгаараа дэлхийд тэргүүлдэг бол Монгол Улс 130-рт, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ Норвеги, Швейцарь, Катар, Люксинбург, Австрали манлайлдаг бол Монгол Улс 106-д бичигддэг аж

Холбоотой мэдээ