Улаанбурхан өвчний дэгдэлт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-23 17:25:21

Өмнөговь аймгийн хэмжээнд 2016 он гарсаар халдварт өвчний 663 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 292 нь улаан бурхан өвчин бөгөөд өвчин туссан иргэдийн ихэнх залуучууд тэр дундаа 0-9 насны хүүхдүүд байгаа юм.

Тус өвчний дэгдэлтийг өнгөрсөн сартай харьцуулахад буурсан гэсэн дүнтэй байна.  5 сар гарсаар нийт 59 тохиолдол бүртгэгдсэн ажээ. Өнөөдрийн байдлаар Даланзадгад, Ханбогд сумдад тухайн өчиний голомт байгаа бөгөөд өвчлөл тасрахгүй гарсаар байгаа юм. Ид дэгдэлтийн үед 1000 хүнд дархлаажуулалтын тарилга хийсэн аж. Харин дархлаажуулалтын 10 хоногийн аяны хүрээнд 18-30 хүртлэх насны 7936 хүнд 12 цэгээс хүрч ажиллажээ. Уул уурхай дагасан аймгийн хувьд явуулын хүн ам олон байдагтай холбоотойгоор 211 явуулын иргэн дархлаажуулалтын аянд хамрагдаад байгаа юм. Хэдийгээр дархлаажуулалтын ажил  82.5 хувьтай гэсэн дүн мэдээтэй байгаа хэдий ч явуулын хүн амаа хасахаар энэхүү тоондоо баярлах хараахан болоогүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тус аймгийн хувьд нэмэлт дархлаажуулалтын тарилгад хамрагдах ёстой 9500 суурин иргэн байгаа гэсэн судалгааны дүн байгаа юм.

“Үндсэн суурин хүн амаа 100 хувь дархлаажуулалтанд хамруулахгүй бол ирэх онуудад эрсдэлд өртөх магадлал өндөртэй. Тиймээс бүртгэлтэй суурин хүн ам руугаа анхраалаа хандуулах шаардлагатай болоод байна” гэж Эрүүл мэндийн газрын хадварт өвчин хариуцсан мэргэжилтэн н.Бямбажав ярилаа. Одоо явуулын дархлаажуулалт хийхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн  

 

Холбоотой мэдээ