Монголын үлээвэр хөгжимчид Хабаровскт тоглоно

Дэлхийд | Соёл урлаг
jargal@montsame.mn
2016-05-25 11:25:39

 ХАБАРОВСК. /RIA Novosti/. ОХУ-ын Хабаровск хотноо тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 1-ны хооронд болох “Амар мөрний долгион” тав дахь удаагийн олон улсын цэргийн хөгжмийн наадамд Хятад, Монгол, Сингапурын үлээвэр найрал хөгжимчид оролцоно гэж Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээллээ.

Уг наадмыг ОХУ-ын Батлан хамгаалах яам, Хабаровскийн хязгаарын Засгийн газар болон Хабаровск хотын захиргааны дэмжлэгтэйгээр зохион байгуулна.

Цэргийн хөгжимчдийн наадамд 13 найрал хөгжмийн хамтлаг оролцохоос гурав нь гадаадынх юм. Эдгээр нь Хятадын Хар мөрөн мужийн /Хэйлунзян/ эмэгтэй үлээвэр найрал хөгжмийн хамтлаг, Монгол Улсын Батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх Цэргийн хөгжмийн сургуулийн үлээвэр найрал хөгжимчид болон “Спасскийн цамхаг-2012” наадамд оролцож байсан Сингапурын Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн юм.

Наадмын үеэр ОХУ-ын Батлан хамгаалах яамны болон Сингапурын Зэвсэгт хүчний найрал хөгжимчид гоцлол концерт тоглох аж.

Тавдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд наадамд оролцогчид задгай талбайд тоглолт хийнэ. Уг арга хэмжээний үеэр цэргийн хөгжимчид сонгодог, ардын болон эстрадын аялгуу тоглохоос гадна жагсаалын үзүүлбэр, бүжгийн шоу, зэвсэгтэй үзүүлэх тоглолтууд болох ажээ. Тавдугаар сарын 29-нд буюу "Хотын өдөр"-ийн үеэр Хабаровскийн төв гудамжинд болох найрал хөгжимчдийн парадыг хамгийн олон хүн үзэх төлөвтэй байна.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ