Хохирогч нарыг эрхзүйгээр хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-10 09:08:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарт эрх зүйн талаар тусалж, энэ үйлчилгээний хүртээмжийг сайжруулах төслийг Канадын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) манай улсад хэрэгжүүлж байна.  

Төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг ЦЕГ-тай хамтран цагдаагийн удирдах алба хаагчдыг хамруулан явууллаа. Сургалтад нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн мөрдөн байцаах тасаг болон хэв журмыг хамгаалах тасгийн дарга нараас бүрдсэн нийт 46 алба хаагч оролцлоо. Ингэснээр гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт "Хохирогч-төв"-тэй хандлагыг цагдаагийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх юм. Энэ талаар цагдаа, шүүх, прокурорын байгууллагын сургагч багш нар болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл чиглүүлж, онол практикийн мэдлэг олгов.


"Хохирогч-төв"-тэй хандлагыг цагдаагийн үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ.




"Хохирогч-төв"-тэй хандлагыг хэрэгжүүлэх нь хохирогчдын хэрэгцээ шаардлагыг нэн тэргүүнд тавьж, хохирогчдыг чадавхжуулж, тэдний бие даасан байдлыг хүлээн зөвшөөрснөөр үйлчилгээг хүргэхэд анхаарал хандуулах юм.

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр засгийн газар хоорондын Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага манай улсад 2019 онд эхлүүлж, 2022 онд дуусах юм. Төсөл нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарт эрх зүйн туслалцааны хүртээмжийг сайжруулахад төвлөрч, хохирогчдын эрхийн талаар тэдний болон олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах юм.


Холбоотой мэдээ