Бусад аймгаас Дорнодын нутагт орж ирж байгаа малчдад зохицуулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-15 12:10:51

Дорнод /МОНЦАМЭ/. Бусад аймгаас Дорнодын нутагт орж ирж байгаа малчдад зохицуулалт шаардлагатай байна. Жил ирэх тусам баруун аймгуудад өвөлжилт хүндэрч, зуншилга тааруу болж байгаагаас үүдэн олон тооны мал бүхий өрх нүүдэллэж ирэх нь ихэсч байгаа юм.

Үндсэн хуулийн дагуу дээрх иргэдийг шууд буцаах, нутаглахыг хориглох үндэслэл байхгүй учир энэ асуудалд бодлогын зохицуулалт шаардлагатай гэж ХАА-н салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Түүнчлэн жил бүрийн намар тус аймагт хадлангийн асуудал хөндөгддөг болоод нэлээд олон жилийн нүүрийг үзэж байгаа. Тухайн сумын иргэд өөрсдийн нэр дээр хадлангийн талбай авч цааш нь дамлах буюу бусад аймаг орон нутгийн хүмүүстэй тохиролцох замаар ашиглах болсон нь бэлчээр хомсдох эрсдэлийг үүсгэж байгаа гэхэд болно. Бусад аймгаас ирж байгаа хадланчид өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй орж ирж, богино хугацаанд их хэмжээний үйлдвэрлэлийн хадлан аваад гарч байна. 

Өнгөрсөн онд Дорнод аймагт 2.6 сая толгой мал тоологдсон. Энэ өвөл аймгийн хэмжээнд бусад 20 аймгаас 29 мянган толгой мал өвөлжихөөр орж ирээд байна гэж ХХАА-н газраас мэдээлэв. 

Дорнод аймгийн хэмжээнд  95.3 мянган га тариалнгийн зориулалттай талбайг 37 ААН, иргэн эзэмшдэг боловч ердөө 35 мянган га-д тариалалт, 24 мянган га-д уриншийн боловсруулалт хийж байгаа нь нийт талбайн 60 хувь аж. Тиймээс ашиглалтыг нэмэгдүүлэх, газар авчихаад үйл ажиллагаа явуулахгүй байгаа иргэд, ААН-үүдийн тариалангийн талбайн эрхийг цуцлах зэргээр шийдвэрлэх арга замыг мэргэжлийн байгууллага судалж байна. 

Холбоотой мэдээ