1002 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгчээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-11-25 17:47:23

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас өдөр бүр иргэдэд улс, аймгийн нөхцөл байдал болоод анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байгаа билээ. Тэгвэл 11 дүгээр сарын  25-ны байдлаар аймгийн хэмжээнд 1002 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь бүгд сөрөг гарсан тухай танилцууллаа.

Тодруулбал, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 26 сумын эрүүл мэндийн төв болон Зуунмод сумын нэгдүгээр багийн өрхийн эрүүл мэндийн төвийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээ хийж байгаа бөгөөд иргэд сайн дураараа очиж коронавирусний шинжилгээ өгч байгаа юм.

Тус аймгийн 13 суманд 147 иргэн гэрийн ажиглалтад байгаа бол аймгийн нэгдсэн эмнэлэгт 1, Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвд 2 иргэн тусгаарлалтад байгаа талаар Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа танилцуулав.

Мөн иргэд хөл хорионы энэ үеэр дэлгүүр хоршоо хэсэх, гадуур явах тохиолдол ихэсч байна. Тиймээс улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа тул шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, хорио цээрийн дэглэмийг сайтар сахиж Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс болон аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас өгч байгаа мэдээ мэдээлэл, зөвлөмжийг дагаж мөрдөхийг иргэддээ уриаллаа.

 

Холбоотой мэдээ