Идэш бэлтгэх хугацааг 7 хоногт багтаан зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-29 19:20:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнөөдөр 14:30 цагт хуралдсан аймгийн Онцгой комиссын хурлаар Засаг дарга шинжилгээний дүн, эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мөн Дархан-Уул аймгаас гарах иргэдийн асуудлыг ярилцаж шийдвэр гаргав.

Тухайлбал: Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос иргэдээ хүлээж авахгүй гэсэн шийдвэр ирүүлсэн байна. Тэгвэл дээрх хурлаар аймгийн Онцгой комиссоос гаргасан өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн талаар мэдээлэл өгсөн. Тодруулбал аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал хэлэхдээ:

Сэлэнгэ аймгийн иргэдийг шинжилгээнд хамруулж Дарханаас гаргах тухай асуудлыг гурав хоногийн өмнөөс төлөвлөж УОК-оос чиглэл авч, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын даргын зөвшөөрлөөр иргэдийг нь бүртгэж PCR шинжилгээнд хамруулаад гаргах ажлыг зохион байгуулж байна. Тийм учраас аймгийн Онцгой комиссын шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Онцгой комисст дахин хүргүүлнэ. Үүний зэрэгцээ Сэлэнгийн иргэд харьяа сум болон аймгийнхаа Онцгой комисст хүсэлтээ хүргүүлээрэй гэж албан ёсоор хэлье гэв. Олон өдрийн ажил, хөрөнгө мөнгө зарцуулсан ажил тул Сэлэнгэ аймгийн иргэдээс шинжилгээ авах ажлыг түр зогсоосон ч дахин үргэлжлүүлж байна. Тиймээс өмнөх зөвшилцлийнхөө хүрээнд иргэдээ татан авах, иргэд ч аймгийнхаа онцгой комисст хүсэлтээ өгөх хэрэгтэй аж. Хоёр удаагийн давтан шинжилгээ хийж гаргах учраас эрсдэл байхгүй бөгөөд орон нутагтаа очсон даруйдаа иргэний үүргийн дагуу өөрийгөө тусгаарлах ёстой гэдгийг мэргэжлийнхэн зөвлөж байлаа.

Мөн иргэдийн зүгээс хамгийн их асууж, лавлаж буй нэг зүйл бол өвлийн идэшний асуудал юм. Өвлийн идэш бэлтгэх тухай иргэдээс маш их хүсэлт ирж байгаатай холбогдуулан Дархан-Уул аймгийн гурван сумаас идэш бэлтгэх хугацааг 7 хоногт багтаан зохион байгуулахаар боллоо.

Тодруулбал: 12 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 7-ны хооронд буюу нэг иргэн 48 цагийн хугацаанд идэшээ бэлтгэж ирэх аж. Зөвхөн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс идшээ бэлтгэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулсан. Учир нь Сэлэнгэ аймаг өөрийн нутаг дэвсгэрээс мал мах, идэш бэлтгэх боломжгүй гэсэн шийдвэрийг албан ёсоор өгсөн учир Дарханы иргэд Орхон, Хонгор, Шарын гол сумаас бэлтгэх боломжтой. Харин өөр аймгаас зөвшөөрөлтэй автомшинаар Дарханы аль нэг пост дээр ирсэн тохиолдолд тухайн идэш, махыг эзэнд хүргэх боломжтойг онцолсон. Идэш бэлтгэх иргэд дараах шаардлагыг хангасан байх ёстой аж. Үүнд:

1. Шинжилгээнд хамрагдсан байх /Түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан байж болно. Нотлох бичиг баримтыг авчирна/

2. Тээврийн хэрэгслээ ариутгаж халдваргүйжүүлсэн байх

3. Аймгийн ХХААГ-аас нэвтрэх зөвшөөрөл авсан байх

4. Мал эмнэлгийн газраас гарал үүслийн гэрчилгээг авсан байх /Гарал үүслийн бичгийг цахимаар авч болно/

Зөвшөөрлийг 2020.11.30-ны өдрийн 12:00 цагаас эхлэн аймгийн ХХААГ-аас олгохоор болсон байна. Тиймээс заасан цаг хугацаанд тавигдах шаардлагыг биелүүлж ажиллахыг хүслээ.

 

Холбоотой мэдээ