Б.Отгонбаяр: Албаны нохой бол өөрөө амьд лаборатори

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-30 14:40:05

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн нохой хөтлөгч цагдаагийн ахлагч Б.Отгонбаяртай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ажлын гараагаа анх хаанаас эхэлж байсан талаар яриагаа эхэлье?

-Өдрийн мэнд. Миний хувьд 2015 оны нэгдүгээр сараас Төв аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар анх томилогдож байсан. Тухайн оныхоо 12 дугаар сарын 24-ноос хойш аймгийн Цагдаагийн газар эрүүгийн цагдаагийн тасагт одоо 5 дахь жилдээ ажиллаж байна. Анх эрүүгийн цагдаагийн тасагт шилжиж ирэх үетэй минь давхцаад нохойн хөтлөгчөөр ажиллах орон тоо гарсан байсан нь надад нэгэн зэрэг боломж тохиолдсон гэж боддог.

-Мэргэжлээ хэрхэн сонгож байв? Энэ талаараа эргэн дурсвал?

-Багаасаа цагдаа болох хүсэл сонирхолтой байсан. Тиймээс өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн энэ албыг сонгосон. Учир нь эрүүгийн цагдаагаар ажиллах сонирхол дээр минь албаны нохой хөтлөгчийн орон тоо гарсан нь хүсэл минь зэрэг биелэх шиг болсон доо.

-Албаны нохойн мэргэжлийг хаана эзэмшив. Ажил мэргэжлийн онцлогоос сонирхуулбал?

-Би 2017 оны дөрөвдүгээр сараас 10 дугаар сар хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын албаны нохой сургалтын хэлтэст 6 сарын сургалтад хамрагдаад Төв аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн нохой хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн. Гэмт хэргийг илрүүлэхэд нөлөөлөх нэгэн зүйл нь албаны нохойны ашиглалт байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хэргийн газар ажиллах үүрэг гүйцэтгэхэд гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргийн сэжүүрийг олоход албаны нохой чухал үүрэгтэй. Тиймдээ ч хоёр өөр ертөнц нэгэн бие болж хэргийн газар ажиллана гэдэг гайхамшиг санагддаг. Албаны нохойг хэрхэн яаж сургасан байдлаас шалтгаалж нохойн хөтлөгчийн ур чадвар, гэмт хэргийн газар ажиллах чадвар, чадамжийг харуулдаг.

-Та багадаа нохой тэжээдэг байсан уу?

- Үгүй ээ. Одоо бодоход эргэн тойрны хүрээллийн хүмүүс нохой тэжээдэг байсан нь надад нөлөөлсөн болов уу. Учир нь нохой тэжээж байгаа хүмүүсийг их ажигладаг байсан. Хүн бүр өөр өөрийн хүсэл сонирхлоороо нохойгоо сонгож тэжээдэг шүү дээ.

 -Нохой сургахад анхан шатны ойлголт мэдэгдэхүүн гэж байдаг байх. Бид сургуульд орохдоо цагаан толгойноос эхэлдэг шиг?
-Аливаа зүйлд анхан шатны ойлголт гэж байдаг. Нохой сургахад хүртэл тийм
зүйл бий. Жаахан хүүхэд сургуульд анх ороход үзгээ зөв барихаас эхэлдэг шүү дээ. Үүний адил нохой сургахад оосроо зөв барих, дохио эангаагаа анхнаасаа зөв ойлгуулах, наад захын бос, суух гэх үг, үйл хөдлөлийг үзүүлэх гэх мэт зүйл чухал.

- Анх нохой сургаж эхлэхэд уруулах тохиолдол олон гардаг байх. Тэр үөд биеэ хэрхэн хамгаалдаг вэ?
-Мэдээж
юм бүхэн эхлэхдээ алдаа дутагдал, туршлага гээд маш их зүйл шаардана. Дөнгөж сургаж эхэлж байгаа нохой зан авирын хувьд догшин хэрцгий авирлах тохиолдол их. Тиймээс анх нохойтойгоо харьцаж эхлэх үе буюу сургалтын явцад уруулах тохиолдол цөөнгүй гардаг байсан. Сүүлдээ нохой сургаад гаршихаар өөрийгөө хамгаалж сурна. Нохойны зан араншинг давхар судалдаг.
Уурласан ү
едээ ямар байдаг, эрхлэхдээ, өлсөхдөө гээд яг л амьтай зүйл ямар байдаг тэр бүхнээс гардаг зан авир гаргана шүү дээ. Энэ бүгдэд тохируулан өөрийгөө хамгаалах нь хамгийн чухал. Ийм чадварыг эзэмших нь нохойн хөтлөгч хүний нэн тэргүүнд суралцсан байх ёстой чадвар.

-Албаны нохой тухайн байгууллагын үүрэг гүйцэтгэгч алба хаагчидттай адилхан үүрэгтэй гэж ойлгож болох уу? Эсвэл алба хаагчид зүгээр л чиглүүлж өгдөг юм уу?

-Нохой зэрлэг амьтан шүү дээ. Түүнийг сургаж албанд ашиглана гэдэг амаргүй. Албаны нохой тухайн байгууллагын үүрэг гүйцэтгэгч алба хаагчидтай адилхан үүрэгтэй. Тэр хэмжээгээр гүйцэтгэж байгаа үүрэг нь эрсдэлтэй байдаг. Нохой хэргийн газар үүрэг гүйцэтгэхэд нь алба хаагчид удирдан чиглүүлж, дэмжлэг үзүүлж өгдөг. Жишээ нь: Гэмт хэргийн газар сэжиг бүхий зүйл илэрлээ гэхэд нохой бол түүнийг шууд үнэрлээд илрүүлдэг. Тэгэхээр энэ өөрөө амьд лаборатори явж байна гэсэн үг. Энэ нь нөгөө талаараа цаг хэмнэх гээд маш олон давуу талтай. Энэ бүхэнд албаны сургалттай нохой л бидэнд тус болдог.

-Та нохойгоо хараад үүрэг гүйцэтгэж чадахаар байна уу, үгүй байна уу гэдгийг мэдэрч чаддаг уу?

-Мэдээж тэгэлгүй яахав. Нохойгоо хараад үүрэг гүйцэтгэхэд ямар түвшинд байгааг хараад мэддэг. Тухайлбал албаны нохой үүрэг гүйцэтгэхдээ хэргийн газар болон тухайн орчинд очоод үзүүлж байгаа үйлдэл, гаргаж байгаа зан авир, хөдөлгөөнөөс нь хамаарч үүрэг гүйцэтгэх боломжтой, боломжгүй гээд эрүүл мэндийн байдал тодорхой шинжүүдээр үзэж болно.

-Албаны нохой тухайн зүйлийг үнэрлээд мэдсэнээ хэрхэн илэрхийлдэг юм бол? Нохой бүр өөр өөрийнхөөрөө илэрхийлэх үү?
-Нохой бүр өөр өөрийн гэсэн арга барилд суралцдаг. Тэр хэмжээгээр олж илрүүлсэн зүйлээ өөрөөр илэрхийлдэг. Мөн тухайн сургаж байгаа хүнээсээ шалтгаалан янз бүр байна. Хуцах, суух, сүүлээ хөдөлгөх, ухаж малтах, эзэн рүүгээ хараад харцаа хөдөлгөх, толгой дохих зэрэг янз бүрийн үйлдлээр үзүүлдэг.

-Албаны нохой, хувь хүний нохой хоёрын ялгаа?

-Хүмүүс тухайн нохойны үүлдэр угсаа гарлыг харж сонгодог бол зарим хүмүүс тухайн нохойны үнэ өртгөөр тэжээдэг. Өөрөөр хэлбэл сүүлийн үед хувь хүмүүс нохойны гадаад өнгө үзэмжийг хардаг. Харин албаны нохой ямар ч нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэх хүч чадлаас нь хамаардаг. Энэ хоёрын хооронд асар их ялгаа бий. Тухайлбал албаны нохойг хувь хүний нохойтой адил гадаад өнгө үзэмж гэхээсээ илүү ачаалал даах чадвар, чадамж зэргээс хамаарч сонгон шалгаруулалтаар албанд тэнцэх хүч чадлыг харж сонгодог. Тиймдээ ч албаны нохойны үүрэг, хариуцлага өндөр.

-Албаны нохой хэр их арчилгаа шаарддаг вэ?

-Арчилгаа маш бага. Жилд нэг удаа халдварт өвчин болон галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэдэг.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

  

Холбоотой мэдээ