Хүний эрхийн ээлжит яриа хэлэлцээнд бэлтгэх цахим хэлэлцүүлэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-30 14:59:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Европын Холбоо хоорондын Хүний эрхийн ээлжит 4 дэх удаагийн яриа хэлэлцээнд бэлтгэх цахим хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт боллоо.


Уулзалтаар Монгол Улсад хүний эрхийн хэрэгжилтийн байдал, хүндрэл бэрхшээл, анхаарах, сайжруулах асуудлыг хөндөж, үндсэн болон дэд сэдвүүдийн хүрээнд мэргэжилтнүүд санал солилцов.


Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллах, ЕХ-ны хөнгөлөлтийн ерөнхий системд тавих шаардлага буюу Хүний эрхийн тухай Олон улсын Конвенциудад нэгдэж орох, Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын суурь конвенциудад нэгдэж орсон байдал, Хүний эрхийн хэлэлцээний үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг асуудлыг ярилцжээ.


Хэлэлцүүлэгт Монгол Улсын ГХЯ, ХЗДХЯ, СЯ, ХНХЯ, БХЯ, Монгол Улсаас Бельгийн Хант Улсад суугаа Элчин сайдын яам, БНЧехУлсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, ЕХ-ноос Монгол Улсад суугаа Элчин сайд, ЕХы Бруссель дэх төвМонгол дахь төлөөлөгчийн газрын хүний эрхийн асуудал хариуцсан 30 гаруй албан тушаалтан оролцож холбогдох зөвлөмжийн хүрээнд мэдээлэл, санал солилцлоо.


ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Ш.Маяа, Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Алтантулга, Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Саранхүү, Б.Болороо, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг нар цахим хэлэлцүүлэгт оролцон, тус тусын хариуцсан асуудлаар товч мэдээлэл өгөв.

Холбоотой мэдээ