Улаанбаатар, Орхоны залуучуудад ур чадвар олгох сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-08 17:55:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран залуучуудын хөгжлийг дэмжих, тэдний сайн дурын чиглүүлэгч бэлтгэх 3 өдрийн онлайн сургалтыг өнөөдөр эхлүүллээ. 

2018 онд нээсэн энтерпрайзинг хөдөлгөөн сургалт нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бүсийн санаачилгын хэсэг бөгөөд чиглүүлэгч, сургагч багш бэлтгэх энэхүү сургалтаар орон нутаг дахь инновацын идэвхжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, олон сайн дурын ажилтан залуучуудыг тогтвортой хөгжлийн ажилд өргөнөөр хамруулах зорилготой юм. 

Энэхүү 3 өдрийн сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар мөн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтнууд, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын (ШУҮИГ) коммунити менежерүүд, залуучуудын сайн дурын ажилтнууд, орон нутгийн залуучууд зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд сүүлийн үеийн судалгаагаар залуучуудын хөгжилд зайлшгүй шаардлагатай гэж тодорхойлсон 5 ур чадвар болох:

  • харилцаа хандлагаа өөрчлөх, 
  • асуудлыг шийдвэрлэх, 
  • багийн хамтын ажиллагааг эрхэмлэх, 
  • төлөвлөлт болон бүтээлч сэтгэлгээ, санаагаа хэрэгжүүлж ажил хэрэг болгох, 
  • аливаа дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах суурь мэдлэг болон ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм. 

Монгол Улсын ирээдүйн тогтвортой хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох залуучуудын хөгжлийг эрчимжүүлэхэд мэдлэг чадвар эзэмшсэн залуучуудын нийгмийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, үе тэнгийн сургалт, нөлөөллийн арга замаар бусадтай мэдээлэл хуваалцах талбар платформ чухал үүрэгтэй байна. 



Холбоотой мэдээ