Сэлэнгэ аймаг эрүүл өрхөө тодорхойлж баталгаажуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-10 21:56:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумыг эрүүл, аюулгүй бүс болгох зорилтын хүрээнд эрүүл иргэн, эрүүл өрхөө тодорхойлж баталгаажуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү “Эрүүл иргэн, эрүүл өрх, эрүүл Сэлэнгэ” зорилгын дор “Нэг өрх-нэг иргэн PCR шинжилгээг аймгийн Онцгой комиссоос Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комисстой хамтран зохион байгуулах юм. Шинжилгээнд аймгийн төв Сүхбаатар сумын нийт өрхийн нэг иргэн заавал хамрагдах ёстой. Шинжилгээнд хамрагдах нэг өрхийн нэг иргэн нь тогтмол ажилтай, төмөр замын ажилчид, хувиараа бизнес эрхлэгчид, Олон улсын худалдааны төвийн ажилчид түүнчлэн сүүлийн долоо хоногт хоолой өвдөх, хамар битүүрэх, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн иргэд нэн түрүүнд хамрагдах шаардлагатай аж. Тус шинжилгээг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд 10.00-20.00 цагийн хооронд авна. Энэхүү кампанит ажилд Сүхбаатар сумын нийт өрх хамрагдах бөгөөд шинжилгээ өгөхөөр ирж буй иргэд иргэний үнэмлэх, хуурай сальфетка биедээ авч ирэхийг анхаарууллаа. Шинжилгээ авах цэгүүдийг баг тус бүр дээр нарийвчлан зааж өгсөн байна. Тодруулбал:

1-р баг ЕБ-ын 5-р дунд сургууль, 1-р цэцэрлэг

2-р баг ЕБ-ын 2-р дунд сургууль, Нутгийн захиргааны 3-р байр

3-р баг ЕБ-ын 3-р дунд сургууль, Спортын ордон, Газар хөдлөлтийн станц

4-р баг  ЕБ-ын 4-р дунд сургууль, МСҮТ, МСҮТ-ийн дотуур байр

5-р баг  ЕБ-ын 6-р дунд сургууль, 7-р цэцэрлэг, Багийн байр

6-р баг АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулга, 2-р цэцэрлэг

7-р баг ЕБ-ын 4-р дунд сургууль, Спортын бүрэн дунд сургууль

8-р баг Мал эмнэлгийн газар, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ийн урлагийн заал, Багийн байрт тус тус байрлаж шинжилгээ авах ажээ.         

   

Холбоотой мэдээ