Эмнэлгийн бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлтийн ажлын хэсэг ЭМЯ-нд байгуулагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-12 15:16:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарын тушаалаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын нөхцөлд ажиллах Бизнесийн зөвлөх зөвлөл байгуулагдан ажиллаж байна.  Уг зөвлөлд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Шадар сайдын зөвлөх Ц.Уламбаяр болон Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн гишүүд, бизнесийн мэргэжлийн холбоодын төлөөлөгч нар оролцож бизнес эрхлэгч нарт мэдээлэл хүргэх, зөвлөх, тулгарч буй зүйлийг газар дээр нь шийдэх чиглэлээр ажиллаж байна. 


Зөвлөлийн хүрээнд МҮХАҮТ-аас Монголын Эм зүйчид болон Эмийн холбоо, Автотээвэрчдийн нэгдсэн холбоотой хамтран ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг урьж эм, эмнэлгийн хэрэгсэл, хангамжийн компаниудын төлөөлөгч нарыг оролцуулсан цахим хурал хийв. Хурлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хүнс болон эмзүй, эмнэлгийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх талаар санал солилцож хэлэлцлээ. 

УОК-ын шийдвэрээр Алтан булагийн боомтыг ирэх оны 1 дүгээр сарын 16 хүртэл хаагаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор эмийн бүтээгдэхүүн болон жимс, жимсгэний тээвэрлэлт болон хангамж хүндэрч тасалдаж болзошгүй байгааг худлаа болон бизнес эрхлэгчид хэлж байв. 

Тиймээс энэ талын тээвэрлэлтийг ачаа, бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн ачих, төмөр замаар гүйцэтгэх зэргээр саадгүй шийдэх талаар хэлэлцэж холбогдох талууд ажиллаж буй аж. Тодруулбал, эм, эмнэлзүй, эмнэлгийн бараа бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлтийн асуудлаар Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ЭМЯ-нд гаран ажиллаж буйг МҮХАҮТ-аас мэдээллээ. 

Мөн МҮХАҮТ-аас Замын-Үүд боомтод ажлын хэсэг гаргаж импорт, экспортын бараа, бүтээгдэхүүний тээвэр гацаад буй байдалтай газар дээр нь танилцан гааль, шалган нэвтрүүлэх, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагатай хамтран ачаа тээврийн дарааллыг зохицуулж шуурхай зохион байгуулахад оролцож байна. 


Бизнес эрхлэгчдийн төлөөлөл Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэд Бизнесийн зөвлөл ажиллаж буйг дэмжиж байгаа илэрхийлэхийн сацуу давагдашгүй хүчин зүйлийн тодорхойлт гаргуулах, Беларусь улсаар дамжин өнгөрөх хилийн асуудлыг шийдэх, ОХУ-аас гаргаж буй сертификат олгуулахад анхаарах, температурын горим шаарддаг эм, хүнс болон түргэн муудах, тодорхой зориулалтын зарим бараа, бүтээгдэхүүний импортод анхаарч ажиллах хэрэгтэй байна гэсэн санал, байр сууриа хэлж илэрхийлж байна. 

Өнөөдрийн байдлаар МҮХАҮТ-аас ирэх даваа гараг буюу 12 дугаар сарын 14-нөөс 34 чиглэлийн ААН, үйлчилгээний газрууд хэвийн горимоор ажиллах болсонтой холбогдуулан "COVID-19" -ийн цар тахлын үед мөрдөх халдвар хамгааллын дэглэмийн талаарх зөвлөмжийг МҮХАҮТ-аас ААН, компаниудад салбар салбараар хүргүүлж байна. 


Ташрамд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын нөхцөлд ажиллаж буй Бизнесийн зөвлөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулвал, энд Монголын сав баглаа боодлын үйлдвэрлэгчдийн Нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар, Барилгын Үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Л.Хулан, Монголын Ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Монголын тээвэр зуучлагчдын Нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргил, Монголын Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах зэрэг мэргэжлийн холбоод, ТББ-ын төлөөлөл оролцон ажиллаж байна. Мөн Монголын эмзүйн байгууллагын нэгдсэн холбоо, Монголын банкны холбоо, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо, Монголын махны холбоо, Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын холбоо зэрэг байгууллага оролцож байна. 




Холбоотой мэдээ