Аймгийн аюулгүйн нөөц 185 тонн өвстэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-23 15:55:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нийт нутгаар цастай байгаа ч өвөлжилт тавгүйрхэж, малчдад зудын бэрхшээл тохиолдсон эрсдэл гараагүй байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээлж байна.

- Энэ жил хөрөнгө санхүүгийн боломжоос шалтгаалан аймгийн аюулгүйн нөөцөд 185,0 тонн өвс бэлтгэсэн. Өвөлжилтөд бэрхшээл учирч, малчдад эрсдэл тохиолдоогүй, мал бэлчээрээрээ өвөлжиж байна. Хангай нутгийн зарим бод мал, үхэр ихтэй суманд тугал, бяруугаа нэмэгдэл тэжээлд оруулж байна. Цас нэмж орж, өвөлжилтөд бэрхшээл тулгарвал тухай сумын аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлээ малчдад олгоно. Хэрэв сумын нөөц багассан нөхцөлд аймаг зохион байгуулалтын арга хэмжээ авч аюулгүй нөөцөөс дэмжлэг үзүүлнэ гэж тус газрын мал аж ахуйн албаны дарга М.Жавзандолгор ярилаа.

Одоогоор нийт нутгаар цастай, Могод суманд 10, Тэшиг, Бугат, Орхон, Гурванбулаг, Бүрэгхангай суманд 5-7, бусад сумын нутгаар 2-5 см зузаан цастай байна гэж аймгийн Ус, цаг уур орчины шинжилгээний төв мэдээллээ. 

Холбоотой мэдээ