Шүүхийн тухай хуулийн 137 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн цахим хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Б.Энхбаяр танилцуулав.
УИХ-ын даргын 2020 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан тус ажлын багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нар ажилласан байна. Ажлын баг 6 удаа олон нийтийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүхийн төлөөлөл болсон 150 гаруй шүүгч оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд төсөлтэй холбоотой саналуудыг авчээ. Мөн УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээр холбогдох судалгаануудыг хийлгэхийн зэрэгцээ бие даасан, хараат бус судлаачид, мэргэжилтнүүд, эрдэмтдээр шаардлагатай судалгаа, шинжилгээг хийлгэсэн байна. Ажлын дэд баг сүүлийн нэг сарын хугацаанд 21 удаа хуралдсан бөгөөд ажлын баг 90-ээс дээш хувийн ирцтэйгээр 8 удаа хуралдаж, санал дүгнэлтээ боловсруулжээ. Зарчмын зөрүүтэй 75 саналын томьёоллыг бэлтгэсэн байна.
Ажлын баг Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг хатуу чанд баримтлан төслийг холбогдох хэлэлцүүлгүүдэд бэлтгэх зарчмыг баримтлан ажилласан гэв. Мөн хуулийн төслийг боловсруулахдаа судалгаа шинжилгээ, олон улсын дэвшилт чиг хандлагыг нутагшуулах, одоо тогтсон буруу практикийг засах, сайжруулах, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах замаар шударга ёсны үйл явцыг биежүүлэх зарчмыг баримтлан ажилласан байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 5-ны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж ажлын баг болон гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураан шийдвэрлэсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Үндсэн хуульд "шүүгч хараа бус байж гагцхүү хуульд захирагдана" гэж заасныг тодотгоод, Монгол Улсын нийт шүүгчдийн 30 хувь нь хөндлөнгийн нөлөөлөлд шийдвэр гаргаж байгаа гэсэн судалгаа буйг хэллээ. Мөн Монгол Улс дэлхийн улс орнуудаас шүүхийн хараат бус байдлаараа 120 дугаар байрт жагсаж буйг тэмдэглэв. Тиймээс дээрх хуулийн төсөл нь шударга ёс, нийгмийг тогтоох нөхцөлийг хангаж чадах эсэхийг асуулаа.
ХЗБХ-ны дарга С.Бямбацогт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн шүүхтэй холбоотой заалтад нийцүлэн хуулийн төслийг боловсруулсныг тэмдэглэв. Уг хуулийн төслийг Засгийн газар өргөн барьснаас хойш Ажлын баг гурван сарын хугацаанд ажиллаж анхны хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцлов. Хуулийн төслийг шүүгч хараат бус, шударга байх зарчимд нийцүүлж шүүгчид гаднаас нөлөөлөх нөлөөллийг арилгах чиглэлээр боловсруулж буйг хэллээ.
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Ажлын баг болон Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 137 саналын томъёоллоор санал хурааж эхэллээ.
Тухайлбал, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх талаар гаргасан өргөдөл, гомдолд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч албан бичгээр хариу өгөх” гэсэн заалтыг 27.1.7-д нэмж оруулах, Төслийн 37.7-д “Танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн дотроосоо нууц санал хураалтаар, гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно” гэсэн саналыг ажлын баг гаргажээ. Түүнчлэн, төслийн “47.2.Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. Шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэнэ.” Мөн “47.5.Шүүгчийн албан ёсны айлчлал, томилолт, төрийн ёслол, хүндэтгэл, энэ хуулийн 16.5-д заасны дагуу томилолтоор ажиллах болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогсон бусад арга хэмжээний зардлыг шүүхийн төсвөөс санхүүжүүлнэ.” гэсэн ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны гишүүд дэмжсэн байна.
Төслийн 52 дугаар зүйл “Шүүгчид хориглох зүйл”-ийн 1 дэх заалтын 1-ээс 19 дэх хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулж, мөн 52.1.20-52.1.40 дэх заалт нэмж тусгах тухай зарчмын зөрүүтэй санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв. Үүнд, “52.1.14.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал авах”-ыг хориглоно гэсэн санал багтсан юм.
Төслийн 53 дугаар зүйлд ажлын багаас санал гаргаагүй ба 54.2 дахь хэсгийг хасах горимын санал дэмжигдсэн. Төслийн 59 дүгээр зүйлийн 59.1.3, 59.1.4, 59.6.1 дэх заалт, мөн зүйлийн 59.2 дахь хэсгийг өөрчлөн найруулах, 59.2-59.5 дахь хэсэг болгох санал Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын санал авчээ.
Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах тухай 60 дугаар зүйлд гишүүдээс санал гараагүй ба ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй санал бүгд дэмжигдсэн.
Төслийн 65 дугаар зүйлийн 65.5 дахь хэсгийн “үзэх шалтгаантай” гэснийг “шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэж өөрчлөх, 68 дугаар зүйлд 68.3-68.8 дахь хэсэг нэмэхийг мөн дэмжжээ.