МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Оюун-Эрдэнийг томилов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Оюун-Эрдэнийг томилов.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.
Тус Байнгын хороо 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаараа “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, Үндэсний зөвлөлийн гишүүнд УИХ-аас нэр дэвшүүлж томилох нэг сул орон тоонд төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хурааж шийдвэрлэсэн байна.
Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүний сонгуульт хугацаа дууссантай холбогдуулан Үндэсний зөвлөлийн гишүүдийг хуульд заасны дагуу чөлөөлж, томилж асуудлыг УИХ-ын 2020 оны 12 дугаар сарын 10-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр, Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилсон. Харин Үндэсний зөвлөлийн гишүүнд УИХ-аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдааны явцад нэрээ татсан тул МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-аас томилох нэг сул орон тоо гарсан. Иймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын баг уг сул орон тоонд нэр дэвшүүлэхээр төрийн бус байгууллагуудаас 20 нэр дэвшигчийг санал болгосны дагуу нэр дэвшигчдийг нэг бүрчлэн танилцуулж, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулахад нэр дэвшигч Дашигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авчээ. Нууц санал хураалтад Байнгын хорооны 15 гишүүн оролцсон байна.
Д.Оюун-Эрдэнэ сэтгүүлч мэргэжилтэй, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон бөгөөд Үндэсний зөвлөлийн гишүүнээр дахин томилуулахаар төрийн бус байгууллагаас нэрийг нь дэвшүүлжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлт, нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Т.Аубакир, Н.Алтанхуяг нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Оюун-Эрдэнийг томилох санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 38 нь буюу 69.1 хувь нь дэмжиж, энэ талаарх тогтоолын төслийг баталлаа.