Баянгол дүүргийн 5, 6-р хорооны бүх иргэнээс шинжилгээ авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-09 14:29:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн 5, 6-р хороонд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож, хамгийн сүүлийн мэдээллээр 13,487 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.


Өчигдөр дээрх хорооны 58 байрны 8727 иргэнийг, өнөөдөр өглөөний 9.00 цагаас 4760 иргэнийг PCR шинжилгээнд хамруулаад байна.


Тандалт, илрүүлгийн шинжилгээг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 17 баг 85 эмч, мэргэжилтэн, БЗД, СБД, СХД, ХУД, ЧД-ийн Эрүүл мэндийн төвөөс 38 багийн 190 ажилтан хүч нэмэгдүүлэн, нийт 55 баг 275 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа.


Дээрх хоёр хорооны нутаг дэвсгэрт дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж, хязгаарлалт хэсэгчлэн тогтоосон байршилд хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн, ариутгал халдваргүйтгэлийг үргэлжлүүлж байна.


Иймд явуулын баг бүх айл өрхийн гишүүн бүрээс шинжилгээ авах тул иргэд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. 

Холбоотой мэдээ