50 гаруй байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-11 20:38:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны хурал өнөөдөр боллоо.

Хурлын хүрээнд Жаргалант, Үенч, Мөнххайрхан сумын төсөвт байгууллагуудын 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

Мөн нийтийн номын сан, сургууль, цэцэрлэг зэрэг 10 орчим байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, зарим анхаарах асуудлын тухай хэлэлцэв. 

Ховд аймгийн “Санхүүгийн хяналт аудитын алба” нь Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн хөрөнгө, орлого, зарлага, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажилд санхүүгийн хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажилладаг. Энэ утгаараа 2020 онд нийт 50 гаруй байгууллага, тусгай сангуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 311.5 сая төгрөгийн зөрчил илрүүлжээ. Үүнд төрийн өмчийг данс бүртгэлд тусгаагүй, санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулсан, их хэмжээний шагнал олгож, хандавлаж, ивээн тэтгэсэн, өглөг, авлага үндэслэлгүй үүсгэх, цалин хөлс нэмэгдэл урамшууллыг буруу тооцох, нөхөн олговор зөрүүтэй зэрэг нийтлэг зөрчил байсан аж.

Мөн хурлын үеэр Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны үйл ажиллагааны тайлан, 2021 оны ажлын төлөвлөгөө, цалингийн сан, шаардлагатай тоног төхөөрөмжийн тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн.

Энэ удаагийн хурлын үр дүнд цаашид аймаг, сум орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийг сахиулан, санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх замаар зарим зөрчил дутагдлыг багасгах, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах чиглэлд онцгой анхаарч ажиллахаар боллоо гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Холбоотой мэдээ