2021 оныг “Бүтээмж-чанарыг сайжруулах жил” болгон зарлалаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-01-20 15:37:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга энэ оныг “Бүтээмж-чанарыг сайжруулах жил” болгон зарлаж, төр, төсвийн байгууллагын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын ажилдаа хандах хандлагыг сайжруулах замаар төрийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, тухайн байгууллагын менежментийн үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд жилийн ажил чиглэх юм. Байгууллагуудад бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх, ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах, ажлыг хөнгөвчлөх, богино хугацаанд бага зардлаар илүү ихийг хийх, шинэ санал, санаачилга нэвтрүүлэх чиглэлээр байгууллагын чадавхыг бэхжүүлэх зэрэг ажил зохион байгуулах аж. Энэ жил нийт байгууллагын 70-80 хувьд цалин хөлсийг хөдөлмөрийн бүтээмжийг харгалзан нэмэгдүүлдэг, ажилтнуудын үр бүтээлийг дүгнэж урамшуулдаг, цагийн менемент болон байгууллагын соёлыг төлөвшүүлсэн байх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн түвшинг өсгөх зэрэг шалгуур үзүүлэлт тавиад байна.

Тус аймагт 2013 оноос хойш бүтээмжийн чиглэлээр судалж, тодорхой ажил төлөвлөн хийж эхэлсэн боловч одоогийн байдлаар нийт байгууллагын 10,0 хүрэхгүй хувь ажлын байрны эмх цэгц, орчин нөхцлөө сайжруулан ажлын бүтээмжээ дээшлүүлэн ажиллаж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газар дүгнэжээ.

Холбоотой мэдээ