Токиогийн Олимптой холбоотой шийдвэрийг гуравдугаар сарын сүүлчээр гаргаж магадгүй

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2021-01-22 10:27:54

ТОКИО. /TASS/. Японы нийслэл Токио хотноо зуны Олимпын наадмыг зохион байгуулахтай холбоотой шийдвэр Олимпын бамбарын буухиа эхлэхээс өмнө гарах төлөвтэй байна. Галт бамбарын буухиа гуравдугаар сарын 25-нд эхлэх юм.


Энэ тухай "Токио-2020" наадмыг зохион байгуулах хорооны дарга Мори Ёширо “Nishinippon Shimbun” сонинд өгсөн ярилцлагадаа мэдээлжээ.


“Мэдээж бид хамгийн муу хувилбарыг олон талаас нь хэлэлцэж байна. Олимпын бамбарын буухиаг эхлүүлэх эсвэл хойшлуулахаас хамаарч Олимпын наадмыг зохион байгуулах асуудлыг тодруулж болно” гэж тэрбээр хэлсэн байна. 


Наадмыг үзэгчидгүйгээр зохион байгуулах боломжийн талаар ярихдаа Мори дэлхийн улс орнуудын коронавирусний нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа энэ талаарх шийдвэрийг гуравдугаар сарын сүүлчээр гаргах төлөвтэй байгааг онцлон тэмдэглэжээ.


Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах пүрэв гарагт “Kyodo” агентлагт ярилцлага өгөхдөө Токиогийн Олимпын наадмыг дахин хойшлуулах эсвэл цуцлах боломжийг үгүйсгэсэн байна. Тэрбээр "оролцогчдын аюулгүй байдал" зохион байгуулагчдын хувьд нэн тэргүүний зорилт хэвээр байгааг онцлон тэмдэглэжээ. Бах мөн Олимпын үзэгчдийн тоог цөөрүүлэх, үзэгчидгүйгээр зохион байгуулах боломжийг үгүйсгээгүй байна.


Үүний дараа “Times” сонин Токиогийн наадмыг коронавирусний улмаас цуцлах ёстой гэж Японы эрх баригчид үзэж байгаа талаар тус улсын Засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлсэн юм.


Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 21-нээс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон. Наадмыг хойшлуулсан хэдий ч “Токио-2020” нэрийг нь хэвээр үлдээсэн билээ.


Холбоотой мэдээ