Дэлхийн эдийн засгийн форумын “Davos Agenda” уулзалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-01-26 11:18:41

ЖЕНЕВ. /Anadolu/. Дэлхийн эдийн засгийн форумын “Davos Agenda” цахим уулзалтад дэлхийн 70 орны бизнесийн салбарын манлайлагчид, улстөрчид, эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна.


Коронавирусний цар тахлын улмаас дэлхий даяар 2.13 сая хүн нас барж, дэлхийн эдийн засаг саараад буй үед болж буй “Davos Agenda” уулзалт энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.


Энэхүү уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээж үг хэлэх үеэрээ олон талт байдлыг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Davos Agenda” уулзалтын үеэр дэлхий дахинд тулгараад буй сорилтууд, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцэх юм.


Өнөөгийн нөхцөлд эдийн засгийн өсөлтийг сэргээх талаарх хэлэлцүүлэгт Германы Эдийн засгийн сайд Питер Альтмайер, Францын эдийн засгийн сайд Бруно Ле Мэр, Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард, Германы “Volkswagen” компанийн гүйцэтгэх захирал Херберт Дисс нар оролцоно.


Мөн “COVID-19”-өөс үүдэлтэй хямралын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаарх хэлэлцүүлэгт Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах зөвлөх, доктор Энтони Фаучи тэргүүтэй төлөөлөгчид оролцох ажээ.


Давосын дээд хэмжээний уулзалт жил бүрийн нэгдүгээр сард болдог боловч энэ онд тавдугаар сард зохион байгуулахаар хойшлуулж, уулзалт болох газрыг Сингапурт болгон өөрчлөөд байгаа билээ. 

Холбоотой мэдээ