Энэ онд коксжих нүүрсний эрэлттэй байх төлөв гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-29 09:32:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын "Нүүрсний худалдаа-2021" сэдвээр онлайн хурал өчигдөр болов. Хуралд Хятад улсын нүүрсний импорт, гангийн үйлдвэрлэлийн компаниудын төлөөлөгч нар болон Монголын нүүрс экспортлогч компаниуд, судлаачид оролцсон талаар Монгол нүүрс ассоциациас мэдээлэв. 

Судлаачдын мэдэгдэж буйгаар, 2021 онд БНХАУ гангийн үйлдвэрлэл 2 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна. Энэ нь коксжих нүүрсний эрэлт, үнэ боломжийн байна гэсэн найдвар төрүүлж байгаа талаар онлайн уулзалт дээр хөндөв. 


Зах зээлийн судалгаагаар БНХАУ 60 орчим сая тонн коксжих нүүрсийг импортоор авах төлөв гарчээ. Монголын экспортолж буй нүүрс үндсэндээ коксжих ангиллынх. 60 сая тонн нүүрсний 40 гаруй сая тонныг нь Монгол Улсаас нийлүүлнэ гэж үзвэл Австрали, ОХУ, Канад, Индонези зэрэг бусад улсаас авах Хятадын нүүрсний хэмжээ багасна гэсэн үг. 

Тиймээс манай улсын нүүрс экспортлогч компаниуд хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж, төр, засаг тээвэрлэлт, экспортыг бодлогоор дэмжиж, хил, гааль дээр хөнгөн шуурхай ажиллаж чадвал манай улс 42 сая тонн нүүрс экспортлох зорилгодоо хүрнэ гэдгийг Монгол Нүүрс ассоциациас мэдэгдэж байна. 


Дэлхийн эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн 40 гаруй хувийг нүүрснээс гарган авдаг бол бүтээн байгуулалтын үндсэн түүхий эд болох гангийн үйлдвэрлэл бүхэлдээ коксжих нүүрсийг ашигладаг байна. 


БНХАУ гангийн үйлдвэрлэл 2 хувийн өсөлттэй гаргахаар байгаа нь коксжих нүүрсний эрэлт, үнэ боломжийн байна гэсэн найдвар төрүүлж байна.




Өнөөдөр нүүрсний салбараас Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийн талаар уулзалт дээр танилцуулснаар: 

  • Эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувь,
  • Экспортын орлогын 40 орчим хувь,
  • Төсвийн бүрдүүлэлтийн 10 орчим хувийг эзэлж байна. 

Монгол орны нүүрсний нөөц: Монгол улсын нүүрсний геологийн таамагласан баялаг нь 173 тэрбум тонн, үүнээс тооцоологдсон нөөц нь 33 тэрбум тонн байгаагаас:

  • 17.38 тэрбум тонн нь хүрэн нүүрс,
  • 15.3 тэрбум тонн нь чулуун нүүрс,
  • 0.118 тэрбум тонн антрацит төрлийнх байна.



Холбоотой мэдээ