Өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарын үлдэгдлийг хянаж шалгаж гаргана

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-01-29 11:33:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарын үйлчлэлийг хянаж шалгах талаар ШӨХТГ-аас мэдэгдэж байна. 

Хөрөнгө оруулалтын буюу өмч хувьчлалын эрхийн бичиг нэрээр анх гарч байсан цэнхэр, ягаан тасалбарын мэдээлэл болон санхүүгийн зарцуулалт өнөөдөр ил тодорхой бус байсаар ирэв. 1991-1994 оны хооронд цэнхэр, ягаан тасалбараа авсан 250 орчим мянган иргэн байгаа аж. Тиймээс ШӨХТГ үндсэн чиг үүргийнхээ хүрээнд СЗХ-той хамтран энэ талын хяналт шалгалтыг хийхээр төлөвлөж байна. Тодруулбал, өнөөдөр энэхүү эрхийн бичгээр хэн хаана, ямар компаниийн хувьцаа авч хөрөнгө оруулсан болон хүүг нь хэн авч буй талаар өнөөдрийг хүртэл тодорхой бус байгаа юм. 

Хяналт шалгалтыг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТТХТ)-өөс эхлэх гэж байна. Учир нь энд хичнээн хүний хувьцаа ямар ААН, компаниуд дээр байрлаж байгаа, ногдол ашиг нь хэр хуримтлагдсан, үүнийгээ тухайн иргэн авч байгаа эсэх, энэхүү хувьцааны хүүг хэн авч захиран зарцуулж байгаа зэрэг бүх үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл байгаа тул үүнийг гаргаж ирэх зорилгоор хяналт шалгалтыг явуулахаа мэдэгдэж байна. Яагаад гэвэл энэ нь 10 гаруй тэрбум төгрөгийн их хэмжээний мөнгөний асуудал яригдан гарч ирэхээр байгааг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ. Тодруулбал, цэнхэр, ягаан тасалбартай холбоотой 30 жил хуримтлагдсан хувьцааг тойрсон бүх асуудлыг шалгаж судалж гаргаж ирэхээ мэдэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн ШӨХТГ-аас хувьцаат компаниуд алдагдалтай гараад байхад үндсэн компани нь ашигтай ажиллаад байгаа байдлыг зэрэгцүүлэн хянаж шалгах аж.


2017 онд гаргаж байсан мэдээллээс харахад, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд 1990 оны өмч хувьчлалаар иргэдэд олгосон цэнхэр, ягаан тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн хоёр сая гаруй данс бүртгэлтэй байв. Эдгээр дансанд 11 тэрбум төгрөгийн ногдол ашиг цуглараад байжээ. Тиймээс 30 гаруй жилийн өмнө цэнхэр, ягаан тасалбараар хувьцаа эзэмшсэн хүмүүс тухайн үед тасалбараа худалдсан их учир дансаа мартсан, дансанд нь хэдий хэмжээний ногдол ашиг цугларч бий болсныг мэдэхгүй яваа гэсэн үг.

Монголын Хөрөнгийн биржээс 2018 онд цэнхэр, ягаан тасалбарын талаар олон нийтэд мэдээлж байсны дагуу 3 өдрийн дотор 6400 гаруй хүн үнэт цаасны дансаа шалгуулж байжээ. Улмаар иргэд 1 тэрбум орчим төгрөгийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс гаргуулан авч байжээ. 





Холбоотой мэдээ