ББСБ-ын хөрөнгийн хэмжээ 16 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-09 17:45:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр, 2020 оны эцсийн байдлаар 532 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж, хөрөнгийн хэмжээ нь 2.0 их наяд төгрөг хүрч, өмнөх оныхоос 16 хувиар өсжээ.


Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оныхоос 7,6 хувиар өсөж 1,3 их наяд төгрөгт хүрсэн. Зээлийн үлдэгдлийн 46,8 хувь нь хэрэглээний зээлийнх аж. Нийт зээлийн үлдэгдлийн 85.2 хувийг иргэдийн, 14.8 хувийг хуулийн этгээдийн зээл бүрдүүлж байв.


Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнээр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирч, салбарын зээлдэгчийн тоо өмнөх оныхоос 1,9 дахин нэмэгдэж 788 мянгад хүрсэн бол харилцагчдын тоо 2,8 сая байна.


Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэ өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрсэнтэй холбоотой. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин өмнөх оныхоос 0,2 пунктээр багасаж, 2,8 хувьтай байв.

 

Холбоотой мэдээ