Нүүрсний экспорт нэмэгдэх боломж гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-19 17:09:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол нүүрс ассоциацийн мэдээллээр манай улсын гол импортлогч, хэрэглэгч БНХАУ-ын нүүрсний хэрэглээ "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд тогтвортой, бага зэрэг өссөн дүнтэй гарчээ. 


Тус улсад коксжсон нүүрсний хэрэглээ, өнгөрсөн онд 592 сая тонн байсан бол 2021 онд 630 сая тонн байх төлөвтэй байна. Үүний 75 сая тонныг гаднаас буюу имортоор авахаар болжээ. Тус улсад энэ жил нүүрсний хэрэглээ, төмөрлөгийн, гангын, барилгын материалын гэхмэтчилэн нүүрс хэрэглэдэг гол салбаруудын өсөлт 2-2.5 хувь байхаар төсөөлж, үүний дагуу БНХАУ-ын нүүрсний зах зээл харьцангуй тогтвортой, боломжийн байх нь. Нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-д эрэлт их байгаа нь манай улсад нүүрсний экспортоо нэмэгдүүлэх боломж байгааг эдийн засагчид хэлж байна. Гэхдээ манай улс тэээвэр, ложистик болон хил, гааль, "COVID-19"-ийн нөхцөл байдлын эрсдлийг тооцох хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна. 


Харин манай улсын эрдэс баялгийн бусад экспорт болох алт болон бусад металлын үнэ ханш одоогийн түвшинд хадгалагдах төлөвтэй байна. Он гарснаас хойш зэсийн үнэ нэг тонн нь 7900-8000 ам.долларын хооронд, харьцангуй тогтвортой байгааг Монголбанкнаас мэдээлж байгаа. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 27 хувийн өсөлттэй өндөр үзүүлэлттэй байна. 

  • Төмрийн хүдрийн үнэ тонн нь 160 орчим ам.доллар буюу 80 хувийн өсөлттэй байна.
  • Алтны үнэ нэг унци нь 1800-1850 орчим ам.долларын үнэтэй, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 19.6 хувиар өсөөд байна. 
  • Газрын тосны үнэ эргэж сэргэн, брент маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 55-56 ам.доллартой тэнцэж байна. 

Газрын тосны үнэ өсөж байгаа нь валютын гарах урсгалыг нэмэгдүүлэх төлөвтэй, мөн Засгийн газар, Монолбанкнаас "COVID-19"-ийн нөхцөл байдалд дотоодын үйлдвэр, ААН-үүд, бизнесийнхнийг дэмжих чиглэлээр гаргаж буй зээл нь төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлөх талтай байна. Гэхэдээ энэ эрсдлийг тооцон төр, засгаас холбогдох шийдвэрийг гаргаж буйг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа ээлжит хэвлэлийн бага хурлийн үеэр хэлсэн юм. 


Холбоотой мэдээ